Нээлтийн арга хэмжээний үеэр Шадар сайд Н.Номтойбаяр “Өнөөдөр “COP17” арга хэмжээний хүрээнд “Усны өдөр” нээлтээ хийж, ЗГ-ын бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Монгол Улсын нийт нутаг дэсгэрийн 81.9 хувь нь цөлжилттэй байгаа. Усны асуудал дэлхийн хамгийн чухал асуудал. Тэр тусмаа Монгол Улсын хувьд маш хүндээр тусаж байгаа. Хөдөө аж ахуйн суурьтай нүүдэлчин ард түмэнд цөлжилт, ган маш хүнд тусдаг.
Монгол Улс хөгжлийн гарцаа аж үйлдвэрийн бодлогоор харж байгаа. Ган хайлуулах үйлдвэр, зэс хайлуулах, нүүрсэнд гүн боловсруулалт хийх зэрэг нь усгүйгээр явах ямар ч боломжгүй. Тэгвэл дэлхийн улс орнуудад хэрэгжиж байгаа цөлжилтийн эсрэг усны нөөц бүрдүүлэх арга зам монголд яаж хэрэгжих талаар, монголынхоо онцлогт тулгуурлаж “Хөх морь” хөтөлбөрийг танилцуулсан. Аж үйлдвэрийн зориулалттай буюу бизнесийн зориулалттайгаар усны хэрэглээ их гарч байгаа. Энэ салбарт шаардагдах усыг гүний цэвэр усаар биш хур тунадасыг ууршихаас нь өмнө нөөцөлж ашиглах нь чухал байна.
1995 онд анх Стандартын тухай хуулийг Монгол Улс өлгийдөж авч байсан. 2017 онд тодорхой өөрчлөлт хийсэн. ЗГ Стандартын тухай хуулийг боловсруулж, хэлэлцэж УИХ-д өргөн бариад байна. Үүнтэй холбогдуулан байгаль орчин, ус ялангуяа аж үйлдвэрийн усны хэрэглээ, саарал усыг боловсруулах гэх мэт стандартууд шинэчлэгдэж батлагдана” гэлээ.
