Хотын ногоон байгууламжийн сайн туршлага, хүрсэн үр дүн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголчууд бид нүүдэлчдийн удам. Төв суурин амьдрах соёлд суралцаад ердөө л нэг зуун болж байна. Дэлхий ертөнц даяарчлагдаж, хотжих соёл түрэн орж ирснээр амьдран суугаа газартаа мод тарих гэдэг шинэ ойлголт өнөөдрийн бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна.

500,000 хүн амьдрахаар анх төлөвлөлт нь хийгдсэн Улаанбаатар хотод өнөөдөр 1,8 сая хүн амьдарч, өнгөрсөн хугацаанд Хотын ногоон байгууламж гэдэг зүйл эхлээд замаа, байшингаа, хашаа гэрээ тэгээд боломж гарвал мод тарья гэдэг байдлаар хандаж ирсэн.

Энэ байдал өнөөдөр төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд их олон газарт тод ажиглагддаг. Тухайлбал юу ч гэсэн эхлээд сургуулийн барилгыг нь барьчихья дараа нь мод зүлэг тарьж болно гэсэн байдлаар төсвийн хамгийн сүүлийн жагсаалтад хотын ногоон байгууламж бичигддэг буруу жишиг ноёрхож, харин үүнийг хувийн салбарынхан аажмаар өөрчилж байна.

Хотын стандартаар нэг хүнд 24м2 ногоон байгууламж ногдох ёстой бол өнөөдөр манайд энэ тоо 3.2 дахин бага байна.

Уул нь нийт байгууламжийн 30 хувьд ногоон байгууламж, 300 алхаад нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл төгөл, нэг мод огтолсон бол 3 мод тарих 3,30,300 гэсэн зарчмыг ихэнх улсууд баримталдаг.

Төрийн хүч хүрэлцэхгүй байгаа энэ асуудал руу банкны салбарынхны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан байгуулагдсан цагаасаа хэрэгжүүлэх гол төслүүдийнхөө нэг болгон хөгжүүлж,

– Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

– Олон нийтийн оролцоотой ойжуулалтын ажил,

– Банкны төгөл

– Энэ бүх ажлыг хийх дадал зуршлыг багаас нь олгох экологийн боловсрол олгох төслүүдийг санхүүжүүлэн, мэргэжлийн байгууллагуудаар гурван жилийн хугацаатай гүйцэтгүүлж байна.

Энэ бүхний үр дүнд өнөөдрийн байдлаар, 42 сургууль, цэцэрлэг, 3 эмнэлэг ногоон байгууламжтай болж, 67 мянган хүүхдэд НОГООН ОРЧИН бэлэглэжээ.

Улаанбаатар хот болон 21 аймагт Банкны төгөл байгуулсны зэрэгцээ УБ хотын Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Шинэ Хархорум хотын Их Хаадын цэцэрлэгт хүрээлэн гээд нийтдээ 300,000м2 талбайг ойжуулж, энд сая гаран мод ургаж байна. Энэ бүх ажил 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар, мэргэжлийн ногоон байгууламжийн ААН, ТББ, холбоо, нөхөрлөлөөр гүйцэтгүүлэх замаар ойн салбарынхнаа дэмжиж, чадавхжуулахад анхааран ажиллаж ирсэн. СОР-17 Цөлжилттэй тэмцэх конвенцийн олон улсын талуудын 17-р бага хурлын үеэр Тэрбум мод сангаас “ Хотын ногоон байгууламжийн сайн туршлагууд” сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэллээ. Хуралдаанаас Хотын ногоон байгууламжийн хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол экологийн боловсролыг хүүхдэд багаас нь олгож, зөв дадал хэвшил болгон төлөвшүүлэх, улмаар хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, ирээдүйтэй мод тарих, хувийн хэвшлийн ялангуяа СО2-ыг маш ихээр ялгаруулдаг үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газрууд хотын ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд манлайлан хөрөнгө оруулалт хийдэг. Эсвэл ногоон байгууламжийг нэг журмаар биш тусгай хуулиар зохицуулдаг болох. Арчлан хамгаалалтын зардлыг тусгадаг байх зэрэг саналууд энэ үеэр яригдаж байлаа. Хуралдааны ерөнхий чиглүүлэгчээр Биологийн шинжлэх ухааны доктор, проф Д.Чанцалням ажиллалаа

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn