Өсвөрийн U16 насны волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдаж, өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон бусад холбоодын эрэгтэй, эмэгтэй нийт 84 багийн 1200 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа бол Сэлэнгэ аймгаас 6 багийн 100 орчим тамирчид энэхүү тэмцээнд оролцож байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Н.Амарзаяа, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батхуяг, Спортын мастер М.Уранбаяр нар оролцож, тэмцээнд оролцож буй баг, тамирчдад амжилт хүсчээ.
Энэ удаагийн тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээн 7 өдрийн турш нийт 6 зааланд зэрэг зохион байгуулагдаж аваргуудаа тодруулах юм.

