НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Ногоон бүсийн “Тэрбум мод” павильонд “Тэрбум мод санаачилга: Монгол, Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг арга хэмжээ өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.
Ган болон цөлжилтийн бэрхшээлтэй ижил түвшинд тулгарч буй хөрш хоёр улсын хувьд доройтсон газрыг нөхөн сэргээх шаардлага нэн чухал болоод байна. Хятад улс нь элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг хянах, экологийн инженерчлэл болон ургамлын нөхөн сэргээлтийн технологи, бизнесийн загварыг нэвтрүүлсэн баялаг туршлагатай бол Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж буй юм.
Энэхүү хэлэлцүүлгээр талууд Засгийн газар, бизнес, шинжлэх ухаан, санхүүжилтийн салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг хайх, мэдлэг болон технологио хуваалцах өрөнхий зорилтыг дэвшүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр Хятадын туршлагаас суралцах, энэ хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг холбох, тэргүүлэх технологи, бизнесийн загварыг Монгол орны экологи, нийгэм эдийн засгийн онцлогт тохируулан нутагшуулах туршилтын төслүүдийг эхлүүлэх, газрын нөхөн сэргээлт болон ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан үйлдвэр, B2B түншлэл, арилжааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
Мөн томоохон хэмжээний нөхөн сэргээх төслүүдийг дэмжих шинэлэг санхүүжилтийн механизмыг судалж, орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдийг ногоон үйлдвэрлэлээс ашиг хүртэх боломжийг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Сибирь чацарганы (Silver Buffaloberry) цөлжилттэй тэмцэх чадвар болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлэх туршилтын төслүүдийн танилцуулгыг хийлээ.
Арга хэмжээнд Хятадын Үндэсний элсний хяналт ба цөлийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн (CNSC) гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Ойн аж ахуйн академийн ахлах мэргэжилтэн Ян Вэнбин оролцож, салбарын туршлагаасаа хуваалцсан юм.
