Монголын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн үнэлгээг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ

1991-2025 оны мэдээлэлд тулгуурласан Монгол орны цөлжилт, газрын доройтлын зургаа дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээг хийж дуусгасныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Үнэлгээнээс харахад, Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, бэлчээрийн ашиглалтын ачаалал нэмэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн үнэлгээ гарчээ.

Үүнээс

-0.9 хувь нь нэн хүчтэй,

-6.2 хувь нь хүчтэй

-42.9 хувь нь дунд

-31.9 хувь нь сул цөлжилттэй байгаа аж.

Энэхүү үр дүн нь цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгалийн хүчин зүйлээс бус, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны хавсарсан нөлөөгөөр эрчимжиж байгааг харуулж байна.

Ялангуяа бэлчээрийн даац хэтрэлт, ган, хуурайшилтын давтамж нэмэгдэж байгаа нь голлох хүчин зүйл болж байна.

Энэ тухай сошиал хуудсандаа мэдээлсэн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир

“Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” нь зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжсэн тайлан биш. Монгол орны газар, ус, бэлчээр, экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын эрсдэлийг тодорхойлж, ямар газарт ямар арга хэмжээ авах шаардлагатайг шийдэхэд ашиглах шинжлэх ухааны суурь баримт бичиг юм.

Тиймээс 2026 оны наймдугаар сарын 17-28-ний өдрүүдэд зохирн байгуулагдах СОР17 хурал нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Монгол Улсын зорилттой шууд уялдаж, нийцэж байгаа юм.

Энэхүү хурлын үеэр Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг олон улсын түвшинд танилцуулах болно” гэжээ.

Ийнхүү Монголын нийт газар нутгийн 76.9 хувь нь газрын доройтол, цөлжилтөд өртсөн гэж ярьдаг байсан бол шинэ үнэлгээгээр 81.9 хувь болж өссөн дүн гарлаа.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn