“Торгоны замын жингийн цуваа” Хустайд тахь нутагшуулалт, бэлчээр хамгааллын туршлагатай танилцлаа

“Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллынхаа хоёр дахь өдөр Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт хүрэлцэн ирж, тахь эргэн нутагшуулсан туршлага, байгаль хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт болон нутгийн иргэдтэй хамтран ажиллах арга барилтай танилцлаа.

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын ажилтан оролцогчдод Монголын тахь байгальд устаж үгүй болсон түүх, түүнийг эх нутагт нь хэрхэн эргэн нутагшуулж, зэрлэг байгальд тогтвортой өсөж үржих нөхцөлийг бүрдүүлсэн талаар танилцуулга хийв. Танилцуулгын үеэр энэхүү ажил нь том биетэй хөхтөн амьтныг зэрлэг байгальд амжилттай эргэн нутагшуулсан дэлхийд онцгой, цорын ганц жишээ болохыг онцоллоо.

Мөн байгаль хамгааллын ажлыг нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлэхийн тулд Хустай орчмын малчин өрхүүдтэй хэрхэн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг талаар танилцуулсан юм.

Аялал тухайн бүсийн малчин өрхүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулдаг өдөртэй давхацсан бөгөөд оролцогчид сүү цагаан идээ, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, гар урлалтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзлаа. Мөн нутгийн иргэд шимийн архи болон халтар арвайг хэрхэн тариалж, боловсруулан гурил болгодог уламжлалт арга туршлагаа танилцуулав. Оролцогчид Монголын үндэсний уламжлалт наадгайн нэг болох шагайн харвааг сонирхож, өөрсдөө харваж үзэв.

Үүний дараа оролцогчид бэлчээрийг тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлж амраахад ямар өөрчлөлт гардагийг харуулах зориулалттай хамгаалалттай талбайд очлоо.

Амраасан талбайн ургамлын өндөр, нягтрал болон ургалтыг зэргэлдээх бэлчээртэй газар дээр нь харьцуулан үзэж, бэлчээрт амралт өгөхийн үр нөлөөтэй бодитоор танилцав.

 

“Торгоны замын жингийн цуваа”-г гэрэл зургаар баримтжуулж буй Өмнөд Африкийн гэрэл зурагчин Kiara Worth Монголд өнгөрүүлсэн хугацааныхаа талаар ярихдаа газар бол байгаль орчны олон асуудлыг хооронд нь холбож байдаг үндсэн хүчин зүйл гэдгийг онцлов.

“Бид уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг томоохон асуудлын талаар ярьдаг. Гэхдээ энэ бүхнийг хооронд нь холбож байдаг зүйл нь газар гэдгийг заримдаа мартдаг. Тиймээс газрын асуудалд илүү их бодит үйл ажиллагаа хэрэгтэй” гэж Өмнөд Африкийн гэрэл зурагчин ярив.

Өдрийн төгсгөлд оролцогчид Хустайн нуруунд зэрлэг байгальдаа бэлчиж буй тахийг алсаас ажиглав. Тахь хэрхэн эргэн нутагшсан түүх, өнөөдөр түүний амьдрах орчныг хэрхэн хамгаалж буй туршлагатай танилцсан өдрийн төгсгөлд тахийг байгальд нь харах боломж ийнхүү бүрдсэн юм.

Аяллын тухай “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа 2026 оны 8 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн нутгаар үргэлжлүүлж байна.

Аяллын хүрээнд мал аж ахуйн уламжлалт арга ухаан, бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын нөхөн сэргээлт, байгаль хамгаалал, нүүдлийн соёлын өв болон орон нутгийн туршлагатай газар дээр нь танилцаж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn