Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун түгээх станцад түгээлт хийжээ. Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа аж.
Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч “Засгийн газрын тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татвар болон бусад татварын тарифыг 0 хувь болгон тэглэх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шатахууны нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Сүхбаатар боомтоор нэвтэрч байгаа бөгөөд ихэнхийг нь төмөр замаар, үлдсэн хэсгийг авто тээврээр тээвэрлэж байна” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэл хотод 700 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 345 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Одоогоор замын хөдөлгөөнд ноцтой ачаалал үүсээгүй бөгөөд урсгал хэвийн байна. Харин шатахуун түгээх станцуудын орчимд тодорхой хэмжээний дараалал үүсэж байна. Тухайлбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам дагуух ШТС-уудын орчимд ачаалал их байна. Иймээс иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, бусдад саад учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хүсье” гэсэн.
УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч “ОХУ-ын Наушки өртөөнөөс 203 вагон АИ-92 автобензин, 367 вагон дизель түлш хүлээн авч байна. Энэ нь хоногт дунджаар 34 вагон бензин, 61 вагон дизель түлш орж ирж байгаатай тэнцэж байгаа юм. Шилжүүлэн тээвэрлэх ажлыг тухай бүрд нь шуурхай зохион байгуулж байна” гэж байв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өчигдрийн хурлаар Шуурхай штабын шийдвэрээр 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож буй 100 ШТС-д мөрдөж буй зохицуулалтыг зөрчин, лимитгүйгээр АИ-92 автобензин борлуулсан долоон ШТС-д торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан.
Ямар шатахуун түгээх станц дээр хэдэн машины оочер дугаарлалттай байна гэдэг мэдээллийг боловсруулж иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа. Олон цаг хугацаагаар үргэлжлэх асуудал биш, Монгол Улсад үүссэн нөхцөл байдал дээр шалтгаалж хэрэглэдэг ухаалаг систем болж хөгжинө. Ил тод нээлттэй системийг аюулгүйн нөөцөө зөв хуваарилах боломж үүсгэх байдлаар хөгжүүлж байгаа.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун дамлан худалдаалж буй асуудалд хяналт тавьж, илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн байна.
Одоогоор 50 мянган төгрөгийн дүнгээр олгож буй шатахууны хязгаарыг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Маргаашаас эхлэн 100 мянган төгрөгийн хязгаар руу шилжих нөхцөл бүрдэж байна.
Зориулалтын зөөврийн саванд шатахуун олгохгүй байх зохицуулалт зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Харин орон нутагт энэ шийдвэр үйлчлэхгүй. Иймээс иргэд тухайн орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулалтын хүрээнд шатахуунаа авах боломжтой.
Удахгүй болох COP17 хурлыг угтан тус арга хэмжээнд оролцогчдыг шатахуунаар саадгүй хангах чиглэл өгсөн. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран жуулчин хүлээн авч буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хязгаарлалтгүйгээр шатахуунаар хангах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотоос гарахад өөрсдийн таних тэмдгийн хүрээгээр үйлчилгээнд хамрагдаад хязгаарлалтгүй аваад явах зохицуулалтыг салбарын яамтай хамтран зохицуулж байгаа” гэж мэдэгдлээ.
