Хойд Солонгосын пуужингийн анги ОХУ-д байршиж эхэллээ гэж Украйны тагнуулын газраас мэдээлжээ

Хойд Солонгосын пуужингийн анги ОХУ-ын баруун хэсэгт байршиж эхэлсэн бөгөөд Украины нутаг дэвсгэрт цохилт өгөх зориулалттай 120 баллистик пуужин, зургаан  харвах төхөөрөмжөөр зэвсэглэж магадгүй байна гэж Украины Цэргийн тагнуулын газрын төлөөлөгч мэдэгдлээ.

Украин улс агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн системээр нэн их дутагдаж байгаа бөгөөд ОХУ сөнөөж устгахад тун бэрхшээлтэй баллистик пуужингуудыг илүү ихээр ашиглах замаар энэ сул талыг нь ашиглахыг хичээж байна.

ОХУ 2023 оны сүүлчээс хойш Хойд Солонгосын хэдэн арван баллистик пуужинг Украин руу харважээ.  Харин одоо  пуужингийн хүчний бие бүрэлдэхүүнийг байршуулж байгаа нь Москва, Пхеньяны хоорондын хэдийнэ өргөн хүрээг хамарсан цэргийн хамтын ажиллагаа улам тэлж буйн илрэл юм.

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын Андрий Чернякын мэдээлснээр, ОХУ Хойд Солонгосын 90 орчим цэргийн алба хаагчтай пуужингийн ангийг өөрийн 112-р пуужингийн бригадын бүрэлдэхүүнд оруулж, ОХУ-ын баруун бүс болох Воронеж мужид байршуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэхдээ АНУ Хойд Солонгосын энэхүү байршлын талаар мэдэж байгаа гэсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Пхеньян хэдийнэ KN-23 болон KN-24 маркийн 40 шинэ пуужин болон бие бүрэлдэхүүнийг ОХУ руу илгээсэн бөгөөд байршлын зохион байгуулалт болон пуужингийн нийт тоог ирэх сард болох дээд хэмжээний уулзалтаар эцэслэн тогтооно гэж А.Черняк мэдэгдэв.

ОХУ-ын тал энэхүү ажиллагаанд Хойд Солонгосын 120 баллистик пуужин, зургаан  харвах төхөөрөмж оролцоно гэж тооцоолж байна. Одоогоор Хойд Солонгосын цэргүүд Оросын пуужингийн ажиллагаанд яг ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна.

Чернякын тодорхойлсон энэхүү байршил нь Оросын тал өнгөрсөн долоо хоногт   Хойд Солонгосын хоёр пуужингаар Украин руу цохилт өгсөн явдалтай цаг хугацааны хувьд таарч байгаа юм.

Филадельфид байрладаг Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ахлах судалнаач Роб Лигийн хэлснээр, Хойд Солонгосын энэхүү нөөц бололцоо нь Киевийн хувьд ихээхэн аюул заналхийлэл дагуулж байна.

“Баллистик пуужингаас хамгаалах чадвар бол Украины хамгийн том сул талуудын нэг тул тэдний эсрэг чиглэсэн баллистик пуужингийн тоо нэмэгдэх тусам улам бүр хүнд сорилттой тулгарах болно” гэж тэрээр онцоллоо.

Ялангуяа Орос улс өмнөх жилүүдийн адил эрчим хүчний сүлжээнд хүчтэй цохилт өгч магадгүй ирэх өвлийн улиралд Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхи ямар байх нь хамгийн том асуудал болж байна гэж тэрээр нэмж хэлэв.

Черняк өөрийн мэдээллийг нууцлалын улмаас ил болгох боломжгүй, тагнуулын эх сурвалжид үндэслэсэн гэдгээ тодотгосон.

ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Хойд Солонгосын Элчин сайдын яам бичгээр ирүүлсэн асуулгад шууд хариулт өгөөгүй байна.

Өмнө нь Хойд Солонгос Оросын дайны ажиллагаанд сая сая их бууны сум нийлүүлж, 2024 онд Украины хуурай замын довтолгоог ухраах зорилгоор Оросын Курск мужид 14 мянган  цэрэг илгээж байсан гэж Украины албаныхан мэдээлдэг.

Өнгөрсөн долоо хоногт Украины эрх баригчид Хойд Солонгосын пуужин Украины төв хэсгийн Радушне тосгоны нэгэн орон сууцыг сүйтгэж, нэг гэр бүлийн наад зах нь таван  хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн юм.

 Чернякын хэлснээр, өнгөрсөн долоо хоногийн цохилт нь 2025 оны наймдугаар сараас хойш Хойд Солонгосын баллистик пуужинг ашигласан нь тэмдэглэгдсэн анхны тохиолдол бөгөөд энэ нь шинээр ирсэн 40 пуужингийн багцаас ашигласан болохыг баталж, Ройтерс агентлагийн өмнөх мэдээллийг бататгасан байна.

Хойд Солонгосын KN-23 болон KN-24 пуужингууд нь Оросын  Искандер пуужинтай харьцуулахад тусгал болон даацын хувьд илүү боловч оновчтой тусах чадвар нь хавьгүй бага тул энгийн иргэдийн амь нас олноор эрсдэхэд хүргэдэг талаар Украины цэргийн эх сурвалжууд мэдээлэв.

KN-23/24 пуужинг  АНУ-ын Patriot системээр л саатуулах боломжтой Оросын “Искандер 9М723” зэрэг баллистик пуужинг илүү ашиглахыг эрмэлзэж буй тактикт нийцэж байгаа юм.

ОХУ 2023 оны төгсгөлөөс KN-23 болон KN-24 пуужингуудыг Украин руу харваж эхэлсэн. Хойд Солонгос 2023 оны эцсээс 2025 оны наймдугаар  сар хүртэлх хугацаанд нийт 150 ийм пуужин нийлүүлсэн гэж Черняк тэмдэглэв.

Түүнчлэн тэрээр Украины хилтэй залгаа Оросын Курск мужид Хойд Солонгосын 9500 орчим цэрэг байгаа боловч тэд одоогоор Украины эсрэг цэргийн ажиллагаанд шууд оролцоогүй байгааг нэмж хэлэв.

Украины Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард кремль Хойд Солонгосоос дахин 30 мянган  цэрэг илгээхийг хүсч байгаа бөгөөд Оросын тал тэднийг Воронеж мужид хүлээн авахаар бэлтгэж байна гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж:Reuters.com

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn