Томоохон голууд үерийн аюултай түвшинг 5-10 см даван хүчтэй үерлэж байна

Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгийн гүүр, Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Тэрэлж, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-85 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул , Сөгнөгөр, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/ Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Орхон /Хархорин сум/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/ , Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Тэрэлж, Балж гол үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 45 см, Алтанбулаг сум орчимд 15 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Онон гол Дадал сум орчимд 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn