Монгол Улс нийт шатахууны хэрэгцээнийхээ 90–95 орчим хувийг ОХУ-аас авдаг.
Нийлүүлэлтийн гол хувийг “Роснефть” компани бүрдүүлдэг бөгөөд үлдсэн 5–10 орчим хувийг БНХАУ болон бусад орнуудаас авдаг.
Гэтэл ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн доголдол, экспортын хязгаарлалт болон хилийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын дотоодын шатахууны хангамж, үнэд шууд болон даруй нөлөөлж, монголчууд шатахуунд дугаарлах болов.
Тэгвэл ОХУ-ын шатахууны хомсдол, хориг болон бусад асуудлаар Financial Times болон Reuters агентлагуудад гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна.
Financial Times-т 2026 оны 7-р сарын 23-нд мэдээлснээр, ОХУ шатахууны дотоодын хямралаа нөхөхийн тулд гадаадаас бензин худалдан авахаас өөр аргагүйд хүрээд байна.
Энэтхэгийн “Вадинар” боловсруулах үйлдвэрээс 42,000 тонн бензиний гаралт хийгдэж, Египетийн эрэг дээр өөр хөлөг онгоцоор дамнаж ачигдан, ОХУ-ын хойд нутгийн “Белое Море” терминалыг чиглэн явж байгааг мэдээлжээ. “Роснефть” компани Энэтхэгийн “Вадинар” үйлдвэрийн 49 хувийг нь эзэмшдэг ажээ.
Энэ нь хямрал эхэлснээс хойш гадаадаас авч буй хамгийн том шатахууны ачаа бөгөөд “Энэтхэгт боловсруулсан Оросын түүхий тос эргээд Орос руугаа бэлэн бүтээгдэхүүн болж очиж буй ” инээдэмтэй боловч эмгэнэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Оросын дотоодын эх сурвалжийн (Price Benchmark Centre) мэдээлснээр Беларусийн тал зургадугаар сард ОХУ руу 184,000 тонн бензин нийлүүлсэн нь өмнөх сараасаа гурав дахин, өнгөрсөн оны мөн үеэс 184 дахин өссөн үзүүлэлт юм.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак долдугаар сарын 25-нд Казахстанаас шатахуун авах боломжтойг дурдсан бөгөөд салбарын эх сурвалжуудын мэдээлснээр Казахстан долдугаар сард Оросын төвийн бүс нутаг руу анхны 1,000 тонн бензиний туршилтын нийлүүлэлтийг хийжээ.
Reuters агентлагаас 2026 оны долдугаар сарын 25 болон 29-ний өдрүүдэд мэдээлснээр, Оросын Засгийн газар дотоодын зах зээлийн нөөцөө хамгаалахын тулд дараах хоригуудыг хэрэгжүүлж байна.
-
Бензиний экспортын хоригоо 2026 оны эцэс хүртэл сунгагдахаар болоод байна.
- Дизелийн экспортын хоригийг эхэндээ долдугаар сарын 8-наас 31-нийг дуустал тогтоосон байсан ч Засгийн газар уг хоригийг дахин нэг сараар сунгахаар бэлтгэж байгаа бөгөөд зах зээл тогтворжсон тохиолдолд 8-р сарын дундуур цуцлах боломжтой гэж эх сурвалжууд мэдээлэв.
- Александр Новак долдугаар сарын 25-нд өгсөн мэдээлэлдээ зарим бүс нутагт, ялангуяа Сибирь, Алс Дорнод болон зарим төвийн мужуудад нөхцөл байдал нэлээд хүнд хэвээр байгааг хүлээн зөвшөөрчээ. Financial Times-ийн тооцоолсноор энэ хомсдол Оросын 50 орчим сая иргэнд ямар нэг байдлаар нөлөөлөөд байна.
- Москва болон Санкт-Петербург зэрэг төв хотуудад чанарын стандартыг бууруулах, логистикийг өөрчлөх замаар дарааллыг багасгасан ч Астрахань, Липецк, Воронеж зэрэг хотуудад колонк дээр 50-100 машины урт дараалал үүссэн хэвээр байгаа бөгөөд Ульяновск зэрэг мужид шатахууны хүртээмж улам мууджээ.
Financial Times болон Reuters-ийн аналитик мэдээллээр Украины дроны довтолгооноос үүдэн Оросын дотоодын газрын тос боловсруулах хүчин чадал тодорхой хугацаанд 40 гаруй хувиар буурчээ.
Өөрөөр хэлбэл, Орос улсад газрын тосны түүхий тосны хомсдол үүсээгүй, харин түүнийг машин, техник хэрэглэх боломжтой бензин, дизель болгон боловсруулах үйлдвэрүүд нь дараалан жагсаалаас гарсанд гол учир байна.
Владимир Путин иргэдэд зориулсан мэдэгдэлдээ үүнийг “түр зуурын хүндрэл” хэмээн нэрлэжээ.
Орос улс бол АНУ-ын дараах дэлхийн 2 дахь том дизель экспортлогч орон юм. Иймээс тэдний экспортын хориг дэлхийн зах зээлийг донсолгож байна.
Reuters агентлаг 2026 оны 7-р сарын 10-ны нийтлэлдээ дараах тоон баримтуудыг онцолжээ:
–Оросын дизелийн түлшний экспорт 2025 онд өдөрт дунджаар 817,000 баррель байсан бол 2026 оны зургадугар сард 400,000 баррель, улмаар долдугаар сарын 1-нээс 10-ны хооронд 234,000 баррель болж огцом буурчээ.
-Оросын нийлүүлэлт зогссоноор Бразил, Турк зэрэг олон жил Оросоос хамааралтай байсан орнууд АНУ-ын дизелийн экспорт руу дугаарлаж эхэлжээ. Энэ нь Европын холбоо, Их Британийн зах зээлд очих ёстой нийлүүлэлтийг багасгаж, дэлхий даяар хөдөө ахуй, тээвэр, эрчим хүчний салбарын зардлыг нэмэгдүүлэх аюул тарьж байна.
–Оросын бензин, дизелийн хориг дээр нэмэгдэн ойрхи Дорнод дахь АНУ болон Ираны мөргөлдөөн Ормузын хоолойн тээвэрлэлтэд эрсдэл учруулснаар долдугаар сарын байдлаар дэлхийн дизель түлшний агуулахын нөөц сүүлийн таван жилийн дунджаас хол хоцорч, хямрал лавширч байна.
Эх сурвалж: Financial Times, Reuters
