Сурагчдын өвлийн амралтын хугацааг богиносгосон хичээлийн жилийн шинэ бүтэц баталжээ

Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Шинэчлэгдсэн бүтцийг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор мөрдөж эхлэхээр болсон байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд “Нийслэлийн” болон “Аймаг, сумын” ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг салгаж, тус тусдаа хавсралтаар баталсан нь онцлог юм.

Тухайлбал, нийслэлийн сурагчид 12 дугаар сарын сүүл ба 1 дүгээр сарын эхээр хичээллэж, 1 дүгээр сарын сүүлчээс 2 дугаар сарын эхэн хүртэл улирлын амралт нь таарах аж. Инэгхдээ агаарын бохирдол, томуугийн дэгдэлтийг харгалзжээ.

Харин аймаг, сумынханы хувьд,

    • I–IX анги: Нэгдүгээр сарын эхээр  нэг долоо  хоног амрах аж.

    • X–XII анги: Нэгдүгээр сарын сүүлчээр  нэг долоо  хоног амрахаар тусгажээ.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхийн тулд 2026 оны 5 дугаар сард сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудаас асуулга авсан бөгөөд нийт 9,620 багш саналаа өгсөн байна. Санал асуулгад оролцогчдын 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, хичээлийн жил 4 улиралтай байх, мөн дунд ба ахлах ангийн зуны амралтыг нэг долоо хоногоор урагшлуулах санал гаргасныг бодлогод тусгажээ.

Шинэ бүтцийг батлахад сургуулийн өмнөх ба ерөнхий боловсролын тухай хуулийн заалтууд, бусад орны туршлага, манай орны цаг уурын онцлог, нийслэлийн агаарын бохирдол болон томуугийн дэгдэлт, мөн орон нутгийн мал төллөх хугацаа зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.

 Шинэчилсэн бүтцээр нийслэлийн сургуулиудын хичээлийн жил 4 улиралтай байх ба анги танхимын ачаалал, насны онцлогоос хамаарч хичээллэх хугацааг дараах байдлаар зохицуулжээ.

  • I–V анги: Нийт 34 долоо хоног хичээллэж, зуны амралт 6 дугаар сарын 1-нээс эхэлнэ.

  • VI–IX анги: Нийт 35 долоо хоног хичээллэнэ.

  • X–XII анги: Нийт 36 долоо хоног хичээллэх юм.

Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн дагуу “Бие даалт” болон “Цахим сургалт”-ын долоо хоногуудыг хичээллэх хугацаанд тооцон оруулж байгаа бөгөөд суралцагчдад илүүдэл ачаалал өгөхгүйгээр орон нутаг, сургуулийн онцлогт тохируулан зохион байгуулахыг даалгажээ.

Шинэ бүтцээр аймаг, сумын сургуулиудын хувьд намрын амралт илүү эрт эхлэх бөгөөд мал төллөх, хаврын урин цагтай холбогдуулан III улирлын  буюу хаврын амралтыг I–IX ангийн сурагчдад 2 долоо хоног болгон уртасгаж өгснөөрөө нийслэлийн сургуулиудын бүтцээс голлон ялгарч байна.

Энэхүү шинэчлэл батлагдсантай холбогдуулан Боловсролын сайдын 2025 оны А/95 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn