Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас 2026 оны долдугаар сарын 20-нд эрэгтэй шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргаад байна.
Уг чансааны тухай спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин ийн бичжээ. “ДАШТ дуусмагц гаргасан энэ чансааг Дэлхийн аварга Испани өнгөлж, мөнгөн медальт Аргентин “аман хүзүүнд” бичигджээ. ДАШТ-д амжилттай тоглосон Норвеги чансаагаа хамгийн олон буюу 12 байраар урагшлуулсан бол Мексик “Топ-10”-д орж ирж, Герман харин мултарчээ.
Мөн Марокко зургадугаарт бичигдэн хамгийн өндөр цэгтээ хүрэв. ФИФА-ийн гишүүн 211 үндэсний холбоо( гишүүн нь тухайн улс биш тухайн орны хөлбөмбөмбөгийн холбоо байдаг)-ны шигшээ багуудын чансааг эрэгтэй болон эмэгтэй шигшээ багуудаар тус тусад нь гаргадаг бөгөөд тухайн орны шигшээ багуудын амжилт, тоглолтын үр дүнг харуулаад зогсохгүй хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа, хөлбөмбөгийн хөгжлийн “толь”, тухайн орны хөлбөмбөгийн холбоо хэрхэн ажиллаж буйн дүн нь болдог юм, ФИФА-ийн чансаа.
Яг өнөөдрийн байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг 211 орноос 190-д, эмэгтэй шигшээ баг 204 орноос 146-д бичигдэж байна даа. Энд ямар нэг тайлбар хэрэггүй байх. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн өнөөдрийн байдлыг эдгээр график товч ,тодорхой , тодхон хэлээд өгнө. 2002 онд 190 дүгээр байрт бичигдэж байсан Монголын хөлбөмбөгийн чансаа 24 жилийн дараа буюу өнөөдөр 190 дүгээр байрандаа л байж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны туг ДАШТ-ий цэнгэлдэхэд харагдсанаар Монголын хөлбөмбөг хөгждөг юм биш ээ!!! ФИФА-ийн “толинд” нүүрээ харж, тавиулсан дүнгээ тав биш гэхэд ядаж “алтан” гурав буюу дунд болгох хэрэгтэй байнаа!!!” хэмээсэн байна.
Ийнхүү 24 жилийн өмнөх 190-р байрандаа байсаар байх уу хэмээх яриа Монголын хөлбөмбөг сонирхогчдын дунд хүчтэй яригдсаар. Өмнө нь ч ингэж ярьж бичдэг байсан ч тэгсгээд чимээгүй болсоор ирсэн. Тэгэхээр ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол урд өмнөх үе шиг тэгсгээд чимээгүй л болох байх даа.
