Засгийн газар Төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ

Монгол Улсын Засгийн газар төрийн өмчийн бодлогын шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Франклин Тэмплтон компанитай Харилцан ойлголцлын хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Темплтон Ассет Менежмент компанийн Гүйцэтгэх захирал, Темплтон Глобал Инвестмэнтс компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зурлаа.

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргахаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ хүрээнд Франклин Темплтон компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх үе шатны замын зураглалыг тодорхойлох зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж, 60.7 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 60 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр компанийн зарим нь стратегийн ач холбогдолтой, зарим нь зах зээлийн өрсөлдөөнд шууд оролцож байгаа ч нийт дүнгээрээ засаглал, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, олон улсын хөрөнгө оруулалтын бэлэн байдлын хувьд хангалттай түвшинд хүрээгүй байна.

Засгийн газар энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийг яаран хувьчлах бодлого баримтлахгүй. Харин төрийн өмчит компаниудыг эхлээд олон улсын аргачлалаар үнэлнэ. Засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг нь сайжруулсны дараа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллана.

Franklin Templeton нь дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 75 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд 2026 оны тавдугаар сарын байдлаар 1.78 их наяд долларын хөрөнгө удирдаж байна. Тус компани Румын Улсад болон болон Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn