Дэлхийн санхүүгийн томоохон тоглогчдын нэг ОТР банк нь Төв болон Зүүн Европын тэргүүлэгч бие даасан банкны группуудын нэг болох “OTP Group”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Төв оффис нь Будапешт хотноо байрладаг бөгөөд Төв, Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй 17.5 сая хэрэглэгчтэй банк юм.
ОТР нь арилжааны, корпорацийн, хувийн банк, зээл олголт, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн шийдлүүдийг багтаасан бүх төрлийн банкны үйлчилгээ үзүүлдэг. Тус групп нь ашигт ажиллагаа өндөр бүс нутгийн өргөн сүлжээтэй, банк санхүү, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Мөн Ерөнхий сайдын хэлснээр БНСУ-ын хоёр ч банк Монгол улсад орж ирэх сонирхолтой байгаа гэдэг. Үүнээс өмнө нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зарим олон улсын банкны төлөөлөл Монголд салбар нээх сонирхлоо илэрхийлж байсан талаар мэдээлэгдсэн. Зөвхөн БНСУ, Унгар төдийгүй Монголын зах зээлийг сонирхож буй бусад банкууд ч байгаа гэдэг.
Монгол улсад гадаадын банкны салбаруудыг оруулж ирэх асуудал 20-30 жил яригдаж байгаа. Харин Н.Учралын Засгийн газар “Бизнесийн эрх чөлөөний хууль”-ийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барихдаа гадаадын банкуудын салбаруудыг Монголд нээх боломжийг нээхээр болоод буй.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Гадаадын банк оруулж ирээд өрсөлдөөн бий болгож зээлийн хүүг бууруулна” гэж буй. Мөн Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Гадаадын банк орж ирснээр зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэн, эрүүл өрсөлдөөн бий болно” хэмээн мэдэгдээд буй.
Уг хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах үед гишүүн Ч.Лодойсамбуу “Гадаадын банк оруулж ирэх нь эдийн засгийг бүхэлд нь гадны улсын нөлөөнд оруулах эрсдэлтэй” хэмээн мэдэгдэж байлаа.
Харин олон жил яригдаж байгаа гадаадын банк оруулж ирэх асуудлыг тавьсны дараа эдийн засагчид асуудлыг олон талаас нь харж мэтгэлцэж байгаа билээ. Монголд гадаадын банк орж ирэх нь өрсөлдөөн үүсгэх давуу талтай ч иргэдийн хүлээж буй шиг зээлийн хүү буурахгүй хэмээн эдийн засагчид хэлсээр байна.
Өмнө нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбон хардаж, гадны нөлөө нэмэгдэнэ гэж болгоомжилдог байсан бол өнөө үед нөхцөл байдал өөр болоод байхи шиг. Гадаадын банк орж ирэх тухай мэдээлэл гарахад олон нийт, аж ахуйн нэгжүүдийн тодорхой хэсэг нь эерэгээр хүлээн авч байгаа аж.