Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцов.
Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой худалдааг дэмжих, хүнсний салбарт хиймэл оюун, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх болон хүнсний тогтолцоонд тулгарч буй сорилтыг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, манай улс “Хүнсний хувьсгал” хэрэгжүүлж, хөрсний доройтолтой тэмцэж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг бууруулж, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик зэрэг салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хэрэгжүүлж буйг онцлов. Мөн манай улс энэ оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Монгол Улсад зочилж, танилцахыг урилаа.
