ДАШТ: Өдөр бүр шуугиан дуулиан тасрахгүй байна

Манай гаригийн номер нэг спорт хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ нээгдээд дөрөв хонож байна. ДАШТ-ий нээлтийн тоглолтод эзэн орон Мексик эхний учраа болох Өмнөд Африкийн шигшээ багийг 80000 үзэгчийнхээ өмнө 2:0-оор хожлоо.

Мексик ес дэх минутад довтлогч Хулион Күинонсийнхаа оруулсан гоолоор тэргүүлж эхэлсэн. 67 дахь минутад Рауль Хименес дахин нэг гоол оруулснаар хожсон.

Энэ тоглолтын бас нэг шуугиан тарьсан асуудал нь Өмнөд Африкийн хоёр, Мексикийн нэг тоглогч улаан карт авч талбайгаас хөөгдсөн нь байлаа.

Энэхүү “А” хэсгийн нөгөө хоёр баг болох Өмнөд Солонгос, Чехийн тоглолт 2:1-ээр дууссан. Хэдий Чех эхний гоолыг оруулсан ч Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид 67, 80 дахь минутад гоолдон хожлоо.

В хэсгийг толгойлж буй Канадын шигшээ баг Босни Херцеговины эсрэг тоглож 1:1-ээр тэнцлээ.

Өвлийн спорт шайбтай хоккейн тэргүүн орон Канадчууд гуравдахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцон анхны оноогоо авсан нь энэ.

Тэгвэл D хэсгийг толгойлсон АНУ-ын шигшээ баг Парагвайн багийг 4:1-ээр хожлоо. Энэхүү хожил АНУ-ын хувьд анхных.

Дамиан Бобадилла долоо дахь минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин Флорин Балогүн 31 болон 45 дахь минутад тооны харьцааг 3:0 болгож холдуулсан.

Хоёрдугаар хагасын 73 дахь минутад парагвайн тоглогч Маурисио ганц гоолыг оруулсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рейна дахин нэг гоолыг орууллаа.

“D” хэсгийн хоёр дахь тоглолт Австралийн шигшээ баг болон Туркийн шигшээ багуудын хооронд явагдаж, Австралийн шигшээ баг 2:0 харьцаатай хожлоо.  Ингэснээр ногоон тив улс Австралийн хөлбөмбөгчид мөн л ДАШТ-ий анхны хожил, эхний 3 оноогоо авлаа.

F хэсэгт дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 158 мянган хүнтэй арал улс болох Курасаогийн шигшээг 7:1-ээр машиндлаа. Герман машин хүчтэй ажилласан ч, анх удаа ДАШТ-д оролцож буй Курасао улсын баг эхний тоглолтдоо бүр Германы хөөлгөнд гоол хийж үзлээ.  Энэ хэсгийн нөгөө тоглолтод Кот-д Ивуар улсын баг Эквадорыг 1:0-оор хожлоо.

Харин Е хэсэгт Нидерландын шигшээ баг Японы шигшээтэй тоглож 2:2-оор тэнцлээ. Нөгөө талд Шведийн шигшээ баг Тунисыг 5:1-ээр уншлаа.

Ийнхүү эхний дөрвөн өдрийн дараах байдлаар ДАШТ-ийг зохион байгуулагч Хойд Америкийн гурван улсын шигшээ багууд хожигдсонгүй. Мексик, АНУ-ын багууд хэсгүүдээ тэргүүлж байгаа бол Канад тэнцээ буюу ДАШТ-ийн анхны оноогоо аваад байна.

Мөн Ази тивийн төлөөллүүд болох Өмнөд Солонгос хожиж, Япон тэнцээтэй дараагийн тоглолтуудаа хүлээж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn