Тост, Тосон бумбын нуруу ЮНЕСКО-гийн сүлжээнд бүртгэгдсэний ач холбогдол

Монгол Улсын байгаль хамгааллын түүхэнд нэгэн чухал хуудас нэмэгдэж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэн баталгаажууллаа. Ийнхүү манай улсаас уг сүлжээнд бүртгүүлсэн нөөц газрын тоо 13 болж өргөжиж байгаа нь байгалийн хосгүй өв, биологийн олон янз байдлаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, хамгаалалтын оновчтой тогтолцоог бүрдүүлж буйн томоохон илрэл юм.

Тост, Тосон бумбын нуруу нь нийт 896,540 га талбайг хамардаг бөгөөд энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газар нутгийг хоёр дахин томруулсантай тэнцэхүйц асар уудам орон зай юм. Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг эзэлж буй энэхүү бүс нутаг нь Даланзадгад хотоос баруун тийш 360 км зайд байрладаг. Газар зүйн байршлын хувьд хойд талаараа Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэдэг нь энэ нутгийг зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн амин чухал коридор болгодог.

Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баянбүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн амьдрах гол орчин юм. Энд цоохор ирвэсээс гадна аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад нутаглаж, хавтгай тэмээ, мазаалай баавгай зэрэг нэн ховор амьтад нүүдэллэн ирдэг. Түүнчлэн говийн экологийн тэнцвэрт байдлыг хангагч заг, сухай зэрэг ховор ургамал, эмийн ургамлууд тархан ургадаг нь энэ бүс нутгийг урт хугацааны судалгаа, мониторингийн чухал талбар болгож байна.

Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн иргэдийн тэмцэл, хүсэлтийн дагуу 2012 онд анх орон нутгийн тусгай хамгаалалтад авч, улмаар 2016 онд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад шилжүүлсэн түүхтэй. Өдгөө ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд нэгдсэнээр тухайн бүс нутгийн олон улсын ач холбогдол эрс нэмэгдэж, хадгалалт хамгаалалтын стандарт нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна.

Энэхүү бүртгэл нь зөвхөн байгаль хамгаалал төдийгүй орон нутгийн хөгжилд ч өндөр ач холбогдолтой. ЮНЕСКО-оос хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих, нэмэлт эх үүсвэр татах боломж бүрдэнэ. Мөн бүс нутгийн болон олон улсын байгаль хамгааллын сүлжээнд элсэж, туршлага солилцох замаар боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлж, Монгол орны говь, цөлийн бүсийн экосистемийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд түлхэц болох юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn