Оросын баруун хойд нутгийн Псков мужийн шүүхээс Бельги, Оросын давхар иргэншилтэй Михаил Лохчининд эх орноосоо урвасан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноосон талаар хүний эрхийн “Первый отдел” (Department One) ТББ өнгөрсөн мягмар гарагт мэдээлэв.
Лохчинин 1990-ээд оны сүүлээс хойш Европт, хамгийн сүүлд Германд амьдарч байсан бөгөөд 2000 онд Бельгийн иргэншилтэй болжээ. Тэрээр 2025 оны зун зүрхний шигдээс болсон аавыгаа эргэхээр Орос руу нэвтрэхийг оролдсон байна. Түүнийг Псков мужийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулсан бөгөөд албаны хүмүүс түүний гар утаснаас Украин дахь хэд хэдэн холбоо баригч, түүний дотор украин экс найз охинтойгоо харилцсан зурвасыг нь олжээ.
Оросын прокурорууд Лохчинины 2022 онд хуучин найз охин руугаа шилжүүлсэн мөнгийг “Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд гадаад улсын төлөөлөгчдөд санхүүгийн тусламж үзүүлсэн” гэж үзсэн байна.
Ял сонсохоосоо өмнө Лохчинин эхлээд Украины хилтэй ойр орших Белгород хотод Украины дайны олзлогдогсдын хамт саатуулагдаж байгаад, дараа нь Псков дахь урьдчилан хорих төв рүү шилжүүлэгджээ.
Түүний гэр бүл болон өмгөөлөгчийн хэлснээр, тэрээр Оросын эрх баригчдын зүгээс нүдний шилийг нь хурааж авах, зодох, урт хугацаагаар тусгаарлах зэрэг зүй бус, хэрцгий харьцаанд удаа дараа өртсөн байна. Лохчинины эгч “ASTRA” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, түүнийг саатуулагдах хугацаанд хараа нь эрс муудсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг хэлжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр “Эмнести Интернэшнл” (Amnesty International) байгууллагаас нүдний торлог бүрхэвч нь хууларсны улмаас хараагүй болох эрсдэлд ороод буй Лохчининд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхийг уриалсан байна. Тус байгууллага түүнийг “зохиомол хэргээр” саатуулсан гээд нэн даруй суллахыг шаарджээ.
Давхар иргэншилтэй холбоотой асуудлаас болж Лохчининд консулын тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Учир нь Орос улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэрээр ОХУ-ын гадаад паспортоор Оросын хилээр нэвтэрсэн байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Москва дахь Бельгийн элчин сайдын яам Лохчинины биеийн байцаалт, эрүүл мэндийг хянах зорилгоор уулзах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байна.
Украинд санхүүгийн тусламж үзүүлсэн гэх хэргээр Оросын шүүхээс ял сонссон давхар иргэншилтэй хүн нь зөвхөн Лохчинин биш юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-Оросын давхар иргэншилтэй Ксения Карелина АНУ-д хоригдож байсан Оросын бизнесмэнээр солигдож, Абу Дабид болсон хоригдол солилцооны үеэр суллагдаж байжээ. Тэрээр 2022 онд Украиныг дэмжигч ашгийн бус байгууллагад 50 ам.доллар хандивласныхаа төлөө эх орноосоо урвасан хэргээр 12 жилийн хорих ял эдэлж байсан юм.
Эх сурвалж: novayagazeta.eu
