УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна. Бүлгийн хуралдаанаар гарсан саналуудыг нягталж үзээд, хэлэлцүүлгийн шатанд илүү нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Тус хуулийн төсөл нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилдог байх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой. Гэвч төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим, зарим салбарын нэгдмэл удирдлагын тогтолцоо болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудтай одоогийн хуулийн төслийн үзэл баримтлал зөрчилдөж байна гэж үзсэн” гэв.
Харин УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай.
Монгол Улсад хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүдийн орлогын түвшнээс шалтгаалан хүүхдээ хүссэн сургалт, дугуйланд хамруулах боломж хангалтгүй байдаг нь тогтоогдсон. Мөн нийслэл, орон нутгийн хөгжлийн ялгаа нь хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал болж байна. Иймээс бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилтыг дэвшүүлсэн.
Хуулийг батлах нь нэг хэрэг боловч хэрэгжүүлэх оновчтой механизм, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдсан байна.
Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан. Үндэсний баялгийн сангийн үндсэн хөрөнгөнд хүрэлгүйгээр зөвхөн өгөөжөөс нь хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн зөв зарчим гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд мөнгө хуримтлуулахын зэрэгцээ тэдний хөгжил, ахиц дэвшилд цаг алдалгүй хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзсэн. Уг хуулийн төслийг намын бүлэг болон УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болсон. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг нарийвчлах зэрэг олон асуудлыг тусган боловсронгуй болгох шаардлагатай байгаа” гэлээ.
