УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуулийн цэцийн томилгоо, шүүх засаглалын хараат бус байдал болон хугацаат цэргийн албан хаагч амь эрсэдсэн асуудлаар байр сууриа нэгтгэн, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонслоо. Мөн энэ сарын 27-ны лхагва гарагт болох ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох асуудлыг хэлэлцэх гэж буйд АН-ын бүлэг онцгой анхаарал хандуулж байна.
Ерөнхий шүүгчийг ганцхан удаа томилдог хуулийн зохицуулалтыг өөрчилж, улираан томилох тухай ярьж байгаа нь улс төрийн тохиролцоо, захиалгат өрнөл үү гэх хардлагыг төрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ҮХЦ-ээс гаргасан шийдвэрүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын томилгоо үүнийг баталж байгаа юм.
Өмнө нь Улсын ерөнхий прокурор (УЕП) болон Авлигатай тэмцэх газрын (АТГ) даргыг тус бүр зургаан жилээр улираан томилсон бөгөөд одоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираах замаар шүүх засаглалыг хараат болгох үйлдэл үргэлжилж байна гэлээ.
Мөн ҮХЦ өнөөдөр улс төрийн захиалга гүйцэтгэгч болон хувирч байж магадгүй олон шийдвэр гаргаж байгаа ч Цэцийн гишүүн болон даргын томилгооны асуудлыг УИХ-аар авч хэлэлцэхгүй хойшлуулсаар байгааг шүүмжлэв. Иймд Цэцийн гишүүдийн томилгоог яаралтай оруулж ирэх албан шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн гол сэдэв нь Баянхонгор аймагт хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг байв.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эх орноо хамгаалахаар мордсон залуус цэргийн албанд амиа алддаг явдал жирийн, хэвийн үзэгдэл мэт болж хувирлаа” хэмээн харамсаад дараах тоон баримтыг танилцуулав.
| Сүүлийн 10 жилийн статистик | Тоо хэмжээ |
| Цэргийн албанд эрүүл мэндээрээ хохирсон | 144 цэрэг |
| Хугацаат цэргийн албанд амь эрсэдсэн | 46 цэргийн албан хаагч |
Ийм эмгэнэлт нөхцөл байдал үүсээд байхад Батлан хамгаалахын сайд нэг ч удаа хариуцлага хүлээж байсангүй. Энэ асуудал долоо хоног шуугиад өнгөрдөг сэдэв байж болохгүй тул Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Мөн хугацаат цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг зөвхөн шуугиад өнгөрөөх бус, хууль эрх зүйн орчныг нь эрс өөрчлөх шаардлагатайг онцоллоо.
АН-ын бүлгийн гишүүд маргааш Хүний эрхийн үндэсний комиссын (ХҮЭК) тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэжээ.
Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар ХҮЭК нь цэргийн анги, байгууллагуудад эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний ажиллагаа, гэнэтийн хяналт шалгалтыг чөлөөтэй хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Шинэ хуулийн төслөөр энэхүү боломж, эрх зүйн зохицуулалтыг нээж өгснөөр цэргийн ангиуд дахь хүний эрхийн зөрчил, дарамт шахалтыг таслан зогсоох хөшүүрэг болно гэж үзэж байна.
