Хотын дарга Х.Нямбаатарыг махны үнэ, бордюр мэтийн ялих шалихгүй зүйлээр шалтгаалаж огцрууллаа гээд сошиалаар нэг бүүлэгчид. Мах бол монголчуудын хоолны гол орц. Монгол угсаатан, нүүдэлчдийн хувьд хэдэн мянган жил мах гол хүнс байсаар ирсэн. Тиймээс ч мах бол Монгол улсын “Хүнсний тухай хууль”-д заасан ёсоор стратегийн хүнсний нэг.
Стратегийн хүнс гэдэг бол тухайн улс орны үндэсний аюулгүй байдал, хүнсний хараат бус байдал, хүн амын эрүүл мэнд, амьжиргааг тогтвортой байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг, орлуулах боломжгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэлдэг.
Бүтээгдэхүүнийг “стратегийн” гэж ангилахдаа дараах хүчин зүйлсийг харгалздаг:
- Үндсэн хэрэглээ: Хүн амын дийлэнх хэсэг нь өдөр тутамдаа хамгийн ихээр хэрэглэдэг, илчлэгийн гол эх үүсвэр болдог.
- Орлуулах боломжгүй байдал: Тухайн бүтээгдэхүүн хомсдоход шууд орлуулах өөр хүнс байхгүй, эсвэл маш ховор.
- Нийгмийн тогтвортой байдал: Үнэ нь огцом өсөх эсвэл нийлүүлэлт нь тасалдах үед нийгэмд үймээн, бухимдал үүсгэх эрсдэлтэй.
Дэлхийн улс орны газар зүйн байршил, цаг уур, соёл, хоолны уламжлалаас шалтгаалж стратегийн хүнсний жагсаалт өөр өөр байдгийг ч жишээгээр харуулж болно.
Азийн орнууд буюу Япон, Хятад, Солонос, Зүүн Өмнөд Азийн хүн амын гол хэрэглээ учраас будаа (цагаан будаа) нь хамгийн гол стратегийн хүнсэнд тооцогддог. Түүнчлэн гахайн мах, буурцаг зэрэг багтана. Эдгээр оронд будааны ургацын хэмжээ буурч, үнэ өсөх зэрэг хамгийн гол асуудал болдог. Эдгээрээс болж хомсдол үүсвэл Засгийн газар нь огцордог эсэхүл хариуцсан сайд нь огцордог.
Барууны орнууд буюу Европ, Хойд Америкт бол улаан буудай, сүүн бүтээгдэхүүн, төмс, үхэр болон шувууны мах стратегийн хүнс.
Харин манай Монгол улсын хувьд “Хүнсний тухай” хууль болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд стратегийн хүнсийг тодорхойлохдоо, мах (үхэр, хонь, ямаа, адууны мах), сүү (шингэн сүү болон хуурай сүү), гурил, гурилан бүтээгдэхүүн (улаан буудай), ундны ус зэргийг оруулсан байдаг.
Эдгээр хүнсийг “стратегийн” гэж зарласнаар төр дараах онцгой үүрэг, хяналтыг хүлээдэг. Улс орнууд гэнэтийн байгалийн гамшиг, дайн, цар тахал эсвэл ургац алдах үед хэрэглэх улсын нөөцийг тусгайлан бэлддэг. Жишээ нь, Хятад улс дэлхийн нийт улаан буудай, эрдэнэ шишийн нөөцийн тал хувийг стратегийн агуулахууддаа хадгалдаг гэсэн судалгаа бий.
Дотоодын зах зээлд хомсдол үүсэхээс сэргийлж стратегийн хүнсний экспортод хязгаарлалт (татварын өсөлт, квот) тавьдаг. Эсвэл дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд импортыг хязгаарлана. Инфляци хөөрөгдөхөөс сэргийлж, хүн амын худалдан авах чадварт нийцүүлэн төрөөс үнийн дээд хязгаар тогтоох, эсвэл тариаланчид, малчдад урамшуулал (татаас) олгох замаар үйлдвэрлэлийг дэмждэг.
Стратегийн хүнс бол зүгээр нэг худалдааны бүтээгдэхүүн биш, тухайн улсын “тусгаар тогтнолын баталгаа” гэж үзэгддэг тул эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчмаас илүү төрийн хатуу хяналт, хамгаалалтад байдаг ойлголт юм.
Манай улсын хувьд дэлхийн энэхүү чиг хандлагын дагуу манай улс ч дотоодын улаан буудай, гурилын хэрэгцээг 100% хангах, махны нөөцийг зуны болон өвлийн улиралд тогтвортой барих, хүнсний ногооны урамшууллыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч байх ёстой, бүр шаардлагатай. Харин манай улсын хувьд стратгийн хүнсний бодлого алдагдсан.
Махны үнээс болоод инфляци хоёр оронтой тоо буюу 10-аас дээш гараад явчихсан ч Эдийн засгийн хөгжлийн сайд нь бид махны үнэд зохицуулалт хийхгүй хэмээн мэдэгдэж суусан. Гэхдээ нөөцийн махны асуудлыг сүүлийн гурван жилд нийслэл хариуцаж байгаа гэх. Харин хотын Засаг дарга нь махны асуудлаас илүүтэй замын бордюр солихыг гол ажлынхаа нэг болгосон.
Тиймээс л Ерөнхий сайд Нийслэл хотын Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахаар зарласан хэрэг.
