Д.Нацагдоржийн зохиолуудыг сүүлд үзэл сурталжуулсан гэв

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 122 Жилийн ой тохиож байгаа бөгөөд ССАЖЯ-наас уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу УБИС-ийн тэнхимээс зохион байгуулах цуврал лекцийн эхнийх өчигдөр боллоо.

Профессор  Ч.Жачин  “Д.Нацагдорж судлалын шийдсэн болоод эргэлзээтэй асуудлууд” сэдэвтэй лекцийнхээ эхэнд   Д.Нацагдоржийн 1906 онд төрсөн нь баталгаатай гэж хэллээ. Харин харин хавар эсэхүл намар төрсөн гэдэг нь маргаантай байдаг ч 1975 оноос ахмадууд 11 дүгээр сарын 17-нд төрсөн гэж тогтоосноор төрсөн өдрийг нь тэмдэглэж иржээ.

Д.Нацагдоржийн зохиолын түүврийг хамгийн анх 1945 онд Ц.Дамдинсүрэн эмхэтгэн гаргасан. Уг номд Д.Нацагдоржийн “Миний нутаг” зэрэг 8 шүлэг, “Хуучин хүү” зэрэг өгүүллэгийг багтаажээ.

Тэр дунд “Янаг хайр” хэмээх шүлгийг багтаасан нь 1942-1943 онд Ц.Дамдинсүрэн гуай Д.Нацагдоржийн “Учиртай 3 толгой” дуурийг дахин шинээр засварлахдаа 1000 мөр шилгээс 250-ийг нь авч бусдыг нь үлдээсэн. Ингээд 1945 онд түүврийг нь гаргахдаа уг хассан бүтээлээс нь уг шүлгийг оруулсан байна гэлээ.

Мөн уг түүвэрт орсон шүлэг найраглалыг гэхэд анх Д.Нацагдоржийн бичсэнээр нь оруулсан. Дараа дараагийн түүврүүдэд зарим үгийг нь тухайн цаг үеийн үзэл бодолд нийцүүлэн сольж иржээ.

Их зохиолчийн бичсэн үг өгүүлбэр, утга санааг сольж байсны жишээ нь “Улаанбаатараас Берлин хүртэл”-д байгаа ажээ.

Тухайлахад, энэ зохиолд сүүлд нэмэлт оруулахдаа Москва хотыг магтсан хэсэг багтаасан аж. Харин зохиолчийн хувьд шал өөр тэмдэглэл бичсэн байхад дундуур нь ахин шал өөр бичиглэл орж ирж байгаа нь хожмын буюу үзэл суртлынх гэлээ.

Д.Нацагдоржийн зохиол, бүтээлүүдэд хожим нэмж, хасан утга санаа, үгийг алдагдуулсан, өөрчилсөн зүйлс олон байсаар ирсэн. Одоо ч хүмүүс тэр сольсон үгтэйгээр нь уншиж, ярьж, жүжиглэсээр байгаа аж.

“Алтан нарны туяанд энхжин тогтносон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж бий. Энхжих, мөнхжих гэдэг хоёр үг манай “Төрийн дуулал”-д хүртэл ороод ирсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүн халтар хултар тогтоохдоо “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гээд цээжилчихдэг. Тогтносон орон, тогтсон орон гэдэг утгын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон” гэхээр хөгжим нь хүртэл байхгүй. Дээр нь тусгаар тогтносон гэсэн утга нь алдагдаж, нэг юман дээр хэзээ мөдгүй дэнжигнэж байгаа утгыг илэрхийлж байгаа. Хүмүүсийг буруушаах аргагүй. Зохиолч нь ур чадвартай, бүтээл  нь хүний сэтгэлд орчихдог, тэгэхдээ санамсаргүй буруу тогтоочихоор алддаг.

Энэ бүхний талаар хэлээд байхад үг авдаггүй тухай ч судлаач ярьсан.

Их зохиолчийн 60 орчим гэрэл зураг үлдэж хоцорсон байдаг ба зарим зургийг 2-3 жилийн зайтай авахуулсан юм шиг тайлбарладаг ч нэг өдөр авахуулсан зураг болохыг гярхай сайн ажиглахад тогтоох бололмжтой тухай ч ярьж байна.

Тухайлахад, 1923 онд авахуулсан Д.Нацагдорж, Пагамдулам нарын зураг ба Д.Нацагдорж хоёр пионерын хамт гээд 1925 онд авхуулсан хэмээх зургийн тухай хийсэн тайлбар, гярхай сайн харах юм бол нэг өдөр авахуулсан зураг болохыг нь гэрчилнэ. Үсний засалт, гутал хувцсанаас эхлээд зургийг авахуулсан өрөөний хана гэх мэт.

Д.Нацагдорж бол монголоос гадна, орос, хятад, герман хэл сурсан, гар бичмэлүүдээ монголоор мөн эдгээр хэлээр бичдэг байсан аж.

Ч.Жачин багш Д.Нацагдоржийг яагаад Монголын орчин үеийн уран мзохиолыг үндэслэгч гэж бичсэн тухай асуусан асуултанд Д.Нацагдоржийн бичсэн зохиолыг тухайн үеийн зохиолч С.Буяннэмэх нарынхтай харьцуулаад үз, дараа нь 1960-170-аад оныхтой, мөн одоо цагийн зохиолчдынхтой ч харьцуул. Энэ бүхний эцэст Д.Нацагдорж бол орчин цагийн зохиол ийм байх ёстойг харуулсан хүн байжээ гэв. Нээрээ ч тийм. Д.Нацагдорж гуайн 100 орчим жилийн өмнө бичиглэж байсан зураглал эдүгээ үеийнхэнд хэл, найруулгын хувьд хамгийн ойр, өөрсдийнх нь тухай өгүүлсэн мэт байдгийг сануулах юун.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn