Ж.Баярмаа: ХХОАТ-ыг нэг хувь болгосноор 2 саяын цалинтай иргэнд 180 мянган төгрөг гарт нь үлдэнэ

Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг нэг хувь болгож бууруулах хуулийн төслийн талаар өнөөдөр хууль санаачлагч АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулахыг зургаан өдрийн дотор 100 мянган хүн дэмжиж, цахим гарын үсэг зурсан. Энэ санаачлагыг бидний хэдэн УИХ-ын гишүүд хүлээн авч, хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг үдээс хойш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд Баасан гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.

ХХОАТ нь өсөн нэмэгдэх хандлагатай бөгөөд хамгийн доод тал нь 10 хувь байдаг. Энэ хувийг тэгш татвар буюу нэг хувь болгох зорилго тавьж байгаа юм. Өнөөдөр үнийн өсөлт, инфляци, төгрөгийн ханш ямар байгааг мэдэж байгаа байх. Тэгэхээр ард иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 2.2 сая төгрөг байдаг. ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч буй иргэд бүрдүүлж байна. Цалин авч байгаа 975 мянган иргэн энэ татварын дийлэнхийг бүрдүүлж байна.

Дундаж давхаргын иргэд өрнөөс өрний хооронд, зээлээс зээлний хооронд олон жил амьдарч байна. Үүний улмаас 60 хүртэлх насныхан гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой байгааг судалгааны дүн харуулж байна. Энэ нь хөдөлмөрлөж олсон цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ татварыг нэг хувь руу бууруулж байж, иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч атугай нэмэгдэнэ.

Жишээлбэл, 2 сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг өөрт нь үлдэх юм. Энэ бол тийм их мөнгө биш. Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будааны мөнгө юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Засгийн газраас оруулж ирсэн Хувь хүний орлогын албан татвартай холбоотой нэмэлт өөрчлөлтэй хамт хэлэлцээд явах юм.

Мэдээж цаагуураа далд эдийн засаг хумигдана. Үйл ажиллагааны орлогоо мэдүүлдэггүй, татвар төлдөггүй иргэд байдаг. Үүнтэй холбоотойгоор татвар төлөлтийн процессыг хялбарчлах шаардлагатай. Татварыг өндөр байлгахаас илүүтэй суурийг нь нэмж, орлого буурахгүй нэмэгдэх хандлага байдаг гэдгийг судлаачид зөвлөдөг. Өнгөрсөн 2025 оны улсын төсвийг батлахдаа 2.3 их наяд төгрөгөөр долоо хоногийн дотор бууруулж орж ирсэн байдаг.

Дараагаар нь нэг жилийн дараа Ерөнхий сайд асан Г.Занданшатар улсын төсөвт тодотгол хийж, зардлаа 1.9 их наядаар бууруулж оруулж ирсэн байдаг. Тэгэхээр зардлыг бууруулахад ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хэмнэлттэй, үр ашигтай, зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадваас зөрүү мөнгийг гаргахад асуудал байхгүй” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn