Ирэх өвөл дутагдах 150 МВт эрчим хүчийг шинээр барих 5 нарны станц нөхнө

Ирэх 2026-2027 оны өвөл манай улсын эрчим хүчний салбарт 150 МВт цахилгаан, эрчим хүчний дутагдал үүснэ гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын санал болгосноор эрчим хүчний дутагдлыг нөхөх дараах арга хэмжээг авна.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар  Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол баталсан.

Энэхүү тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур барина.

Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэл нь ирэх сарын 15-нд хаагдана.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстойг анхааруулсан. Тиймээс нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn