Манай улстөржилт их байгаа ч, Засгийн газар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Рио Тинтотой хэлэлцээгээ үргэлжүүлж байна. УИХ дээр О.Батнайрамдал нарын гишүүд Засгийн газрыг УИХ-аас гаргасан тогтоол ёсоор манай талд оногдох өгөөжийг 53 хувьд хурдан хүргэж, зээлийн хүүг бууруулах асуудлуудыг байнга ярьж шахаж байгаа.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй энэ сарын 12-нд уулзаж, өнөөдрийг хүртэл хийж буй хэлэлцээгээ шат ахиулахаар хэлэлцэх гэж байгаа тухайгаа УИХ-ын гишүүн, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлсэн.
Гуравдугаар сард, Г.Занданшатар Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу Толгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хуралдаж, хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцсэн байдаг.
Энэ үеэр хөрөнгө оруулагч талаас манай талд шинэчилсэн хувилбараар санал тавьсан ч Монголын талын шаардлагад хүрээгүй учир энэ удаа дахин хийсэн тооцооллоо танилцуулна. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй юм.
Харин энэ удаа уг асуудлууд дээр нэгдсэн шийдвэр гаргах хүртэл хэлэлцээ үргэлжилж магадгүй гэнэ. Хэлэлцээ оны эхний хагаст буюу 6-р сард багтаан эцэслэх тов бий.
Энэ удаа Монголын талаас “Оюу Толгой” ХХК-д зээлсэн “Рио Тинто”-гийн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн эзэмшлийн хоёр бүлэг ордын лиценз дээр хувь эзэмших, тэгэхдээ АМНАТ-аар орлуулах зэрэг асуудлыг ярих хүлээлт байгаа.
