Дэлхий нийтийн анхаарал Пакистаны Исламабад хотод болсон АНУ, Ираны хэлэлцээрт чиглээд байлаа. Пакистаны зуучлалаар тус улсад болсон хэлэлцээний эхлэл бараг бүтэн 24 /21 цаг орчим/ үргэлжиллээ. Гэвч уг хэлэлцээ ямар нэг үр дүнд хүрэлгүй дууссан тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Вэнс мэдэгдлээ.
Тэдний дэвшүүлж буй саналууд агуулгаараа өөр байгаад зогсохгүй хэлэлцээнд хандах хэв маяг нь ч эрс тэс байсныг шинжээчид онцолж байна. АНУ харьцангуй хурдан шийдэл хайж байгаа бол Ираны хувьд удаан хөдөлж, урт хугацааны хэлэлцээ хийдгээрээ алдартай гэлцэнэ.
АНУ хамгийн сайн бөгөөд эцсийн саналаа дэвшүүлсэн гэж Ж.Д.Вэнс мэдэгдсэн. Иран улсын тал АНУ-ын хэтэрсэн шаардлагын улмаас хэлэлцээ бүтэлгүйтсэн гэж байгаа аж.
Хэлэлцээрээр Ираны цөмийн хөтөлбөр, Ормузын хоолойн хяналт, Иранд тавьсан эдийн засгийн хориг, Ираны гадаад дахь царцаагдсан хөрөнгийг суллах зэрэг асуудлууд хөндөгджээ.
14 хоногийн гал зогсоох гэрээ 4-р сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн учир зөвшилцөлд хүрэхэд дахиад 9 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд 2 тал ойлголцолд хүрэхгүй бол газрын тосны үнэ цаашид өсөж, улмаар дэлхийн эдийн засаг хямрах эрсдэл үүсэх нь ойлгомжтой юм.
Талууд үг хэл авалцахгүй байгаа хамгийн гол хүчин зүйл бол Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, зөвхөн цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа олон 10 жилийн өмнөөс мэдэгдсээр ирсэн. Иран өнөөдөр ч энэ баяжуулалтаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа гэнэ.
АНУ-ын хувьд Иранаас цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн хатуу амлалтыг хүсч байгаа.
АНУ-ын талынхан нутаг буцсан дэлхийн олон нийтийн хувьд муу мэдээ юм. Энэ хооронд дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр л.
14 хоногийн гал зогсоох хэлэлцээ үргэлжилж, Ормузын хоолойг нээсэн ч Исламабадын хэлэлцээнээс үр дүн гараагүй нь байдлыг бүрхэг болгов. Ормузын хоолой одоо дахин нээгдэж, газрын тос болон бусад шаардлагатай ачааг тээвэрлэж эхэлсэн ч гэсэн дайны өмнөх хэвийн байдалдаа ортол удна. Учир нь хоосон хөлөг онгоцнууд бараа бүтээгдэхүүний урсгалыг хадгалахын тулд хоолой руу буцаж нэвтрэх шаардлагатай болно. Гал зогсоох хэлэлцээ эрсдэлтэй болсон тул танкерууд болон хөлөг онгоцны эзэд, түүнчлэн тэдний даатгагчид яаран хөдлөхгүй.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шаардлагатай байгаа хөлөг онгоцнуудын ихэнх нь гадагшаа чиглэлтэй байгаа аж. Персийн буланд 400 орчим ачаатай хөлөг онгоц гарахаа хүлээж байгаа ч эсрэгээрээ 100 хүрэхгүй хоосон хөлөг онгоц орохоо хүлээж байна.
Хэрэв хоолой өнөөдөр нээгдвэл газрын тосны урсгал хэвийн байдалдаа ороход долдугаар сар хүртэл хугацаа шаардагдах магадлалтай гэнэ.
Персийн булангийн орнуудын хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн, бордоо, үйлдвэрлэлийн давирхай зэрэг экспортыг тээвэрлэхэд чухал ач холбогдолтой хөлөг онгоцнуудын хувьд ч мөн адил. “S&P Global Market Intelligence”-ийн мэдэгдсэнээр, энэ төрлийн бараа бүтээгдэхүүнтэй 100 орчим хөлөг л гарахаа хүлээж байна. Харин орохоо хүлээж буй онгоц байхгүй байна.
Энэ нь тус бүс нутгаас гардаг дэлхийн бордооны 30 хувь нь шинэ хөлөг онгоц гарч иртэл хэдэн сарын турш гацсаар байх магадлалтай гэсэн үг ажээ.
Талууд тохиролцоонд хүрээгүй нь АНУ-ын хувьд муу мэдээ байж болох ч Ираны хувьд бүр илүү муу мэдээ гэдгийг Ж.Д.Вэнс анхааруулсан билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч өмнө нь Ираныг чулуун зэвсгийн үе рүү нь буцаана, цахилгаан станцууд, гүүрүүд болон дэд бүтцүүдийг нь хайр найргүй дэлбэлнэ гэж заналхийлсэн билээ.
Эх сурвалж: ВВС, Ройтерс
