“Гоожингийн өндөр”-ийг сэргээн засварлана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж, удахгүй тендер зарлахаар төлөвлөжээ.

Энэхүү барилга нь 114 жилийн түүхтэй бөгөөд барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах аж. “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байсан юм. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж аваад байгаа билээ.

Уг дурсгалт байшинг түүх бичлэгт Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн бариулан өөрөө амьдарч, мөн Хаант Оросын зөвлөх түшмэл С.А.Козин ажиллаж байсан гэх мэдээлэл бий.  Тиймээс ч Козин гэх нэр сунжран Гоожин болсон гэлцдэг.

Т.Намнансүрэнг нас барсны дараа Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ ван Намсрай харьяалан авч, 1920 онд VIII Богд Жэвзүндамба хутагт болоод Монголын хувьсгалын үйл хэрэгт оролцогч хүмүүс хоригдож байсан гэх зэргээр түүхэн хүн, үйл явдалтай холбон бичиж иржээ.

Түүхэн дурсгалт байшин анх баригдсан цагаас 1929 онд Нягтлан бодох түр сургууль байрлах хүртэлх түүхийг судлаачид зөрүүтэй байдлаар бичиж ирснийг Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нягтлан дэлгэрүүлэхээс гадна уг байшин хэдэн онд, хаана баригдсан, хэнд зориулж, ямар хөрөнгөөр барьсан, хэн амьдарч байсан, ямар түүхэн үйл явдалтай холбогддог, ямар байгууллагууд байрлаж байсан, хэрхэн хадгалж хамгаалж ирсэн зэргийг тодруулаад байгаа юм.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn