Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит, өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” улсын IX уралдаан өнөөдөрОрхон аймагт эхэллээ.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус уралдаан энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. “Уран эгшиг” улсын IX уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 15 аймгийн 520 гаруй өсвөрийн хөгжимчид, 70 багш оролцож байна.
Энэ удаагийн улсын уралдааныг гоцлол хөгжим, цөөхүүл- найрал хөгжим гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж буй аж.
Гоцлол хөгжимчдийн уралдаан нь морин хуур, их хуур, ёочин, ятга, шанз, лимбэ, хуучир гэсэн хөгжмийн төрлөөр бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар, цөөхүүл- найрал хөгжим нь насны ангилал харгалзахгүй, гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр болж байгаа ажээ.

2008 оноос эхтэй энэхүү уралдаан өдгөө цар хүрээгээ тэлж, Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос авьяаслаг хүүхдүүд оролцдог, шударга өрсөлдөөнтэй, мэргэжлийн нэр хүнд бүхий шүүгч нартай, үндэсний хөгжмийн төрөл тус бүрээр зохион байгуулдаг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон уралдааны нэг болжээ.
Уралдааны шүүгчээр МУУГЗ, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболд, МУК-н дэд профессор, Монголын ёочин хөгжмийн холбооны тэргүүн Б.Байгалмаа, Монголын морин хуур хөгжмийн багш нарын холбооны зөвлөх, морин хуурын багш СТА Н.Төмөрбаатар, Хөгжмийн зохиолч, морин хуурч, СТА Д.Аюурзана нар ажиллаж байна.
