ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2026 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаанаас УБТЗ-аар 2026 онд тээвэрлэх ачааны хэмжээг өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр тохиролцсон хилийн боомтуудаар солилцох галт тэрэгний тоо хэмжээнд үндэслэн 2025 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/-ны гүйцэтгэлээс 1 сая тонноор нэмэгдүүлэхээр тохирлоо. Ингэхдээ импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2 хувиар нэмэгдүүлж, 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр болсон байна.
2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийтдээ 22.5 сая тонн гадаад худалдааны ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.
Энэхүү зөвлөгөөн нь “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийнхаа тээвэр, логистикт оролцох оролцоо улам бүр нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж байгааг харууллаа.
