Н.Учрал: Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэв.

Эрхэм хүндэт ард иргэдээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. УИХ-ын Хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.

1-рт, 2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа энэ Хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.

2-рт, Дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж буй дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг,  шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс нэхэж байна.

3-рт, Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм.

4-рт, Нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна.  Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм.  Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон төрийн хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн Та биднээс нэхэн шаардаж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Улсын Их Хурлын чуулганы завсарлагаанаар миний бие УИХ-ын гишүүдийн хамт Зүүн, Төв, Хангай, Хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо. Малчид малчны тухай, ахмадууд Ахмад настны болон тэтгэврийн тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Очсон аймаг, сум, уулзсан хүн бүр шахам улс орон даяар гал алдсан, эрчим хүчний доголдлыг хөндөж, арван аймагт хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих ажил царцаж гацсанд харамсан бухимдаж, аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй өвөлжлөө.

Аймаг орон нутагт ард иргэд бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна. Энэ бол хийж бүтээх санаа шийдэл, эдийн засгийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эдлэх эрүүл хүчтэй хүсэл шаардлага юм. Аймаг, сумандаа АМНАТ-өө ахиу үлдээвэл хамгийн их хэрэгцээ шаардлагатай, бүх хүнд илүү өгөөжтэй,хүртээмжтэй, хурж овоорсон, хүсэл хүлээлт дагуулсан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байна. Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад АМНАТ-ийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ.

Хөдөөгийнхөн хөдөөдөө хүний дайтай амьдрах орчин нөхцөл нь байвал хот руу олуулаа нүүхгүй ээ. Зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барих , малын арьс шир, түүхий эдэд илүү үнэ цэнэ, өртөг ашиг нэмэх үйлдвэрүүдийн үүдийг нээх, залуу ажиллах боловсон хүчин, малчдын залгамж халааг бэлтгэхэд төр, төсвөөс онцгойлон анхаарах шаардлагатайг онцолж байна. Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан чиг үүргийн шинжилгээг дахин хийж эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.

Эрхэм гишүүд ээ,

Олон улсын ээдрээтэй нөхцөлд бид улсынхаа эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаа эргэн нэг харж, дүгнэлт өгөх шаардлагатай байна. Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн зарлагын хэмнэлт, экспортыг дэмжсэн бодлогын үр дүнд  эдийн засаг эргэн сэргэж байна. Эдийн засгийн өсөлт 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувь гарлаа. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааны салбарын өсөлт удааширсан нь өсөлтийг сааруулсан ч уул уурхайн салбарт газрын тосноос бусад бүтээгдэхүүний олборлолт өссөнөөр салбарын өсөлт сэргэж 10.6%-д хүрсэн байна. Харин сүүлийн 2 жил дараалан зудын хүндрэлийн улмаас агшсан байсан хөдөө аж ахуйн салбар 2025 онд сэргэж 33.2% өслөө. Орон сууц, эмнэлэг, сургууль, Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт барилгын салбар өсөлтийг дэмжиж 15.9 хувиар өслөө.

Экспорт 2026 оны 1 дүгээр сард 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна.

Инфляц 2 дугаар сарын эцсийн байдлаар 6.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар, өмнөх сараас 1.0 нэгж хувиар буурсан байна. Цаашид бид эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байгааг онцлон сануулъя.

Төсвийн орлого ч, зарлага ч экспорт, нүүрсний экспортоо даган тэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тогтвортой нэмэгдэж 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрсэн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгдсэн. Харин  2025 онд анх удаа 31.3 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй зөв бодлого юм. Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд хүрч, улмаар шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг төсвийн бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа 2 дахин нэмэгдсэн байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 208 хуулийн 1024 заалтаар МУ-ын төсвийн урсгал зардлыг хуульчилсан байдаг. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, урсгал зардлыг хуулиар тогтоосон байдлыг өөрчилж байж төсөвт дорвитой өөрчлөлт хийж чадахыг хууль тогтоогчид бид анхаарах хэрэгтэй. Бид гүүр барих ТЭЗҮ-д 28 тэрбум төгрөг, уул нүхэлж туннел барих төслийн ТЭЗҮ-д 60 тэрбум төгрөг зэрэг хэрэгжих эсэх нь тодорхойгүй “цаасан төслүүдэд” их хэмжээний төсөв зарцуулж буй нь төсвийн сахилга бат, үр ашгийг бууруулжээ. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг үр ашиг, хэрэгжих бодит боломжоор нь эрэмбэлэн төлөвлөх шаардлагатай байна. Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нийт зардлын эдийн засаг дахь харьцааг 2026 онд 32.2 хувь, 2027 онд 30 хувь, 2028 онд 28.6 хувь байхаар үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгасан нь дэвшил байлаа. Төсвийн зардлын өсөлтийг ийнхүү хязгаарлаж байгаа нь төсвийн зарцуулалтыг үр ашгийг нэмэгдүүлэх, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлах замаар мөнгөний бодлоготой уялдуулж, дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинд тогтворжуулахад хувь нэмэр оруулах болно. Үүний үр дүнд дунд хугацаанд зээлийн хүү буурах, Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтвортой нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай бэхжих зэрэг ач холбогдлууд бий болно.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn