Ардчилсан нам “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан, өргөн мэдүүлээд буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийн талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, тус намын гишүүн Э.Бат-Үүл нар байр сууриа илэрхийлэю.
АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой гэдэг шаардлагатай санал нэгдэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард сонгогчдын бүрэн эрх давхар явдаг. Төлөөлөх бүрэн эрх хэрэгжүүлж буй хүнийг эгүүлэн татах бүрэн сонгогчдод бий. Гуравдагч этгээд ард түмний төлөөлөх эрх рүү халдаж болохгүй. Миний хувьд болон АН хууль эрх зүйт ёс, шударга шүүхийн талд байнга зогссоор ирсэн. Цаашид энэ байр сууриа баримтална. Нөхцөл байдлыг харахад, АН-аас нэр дэвших магадлал бүхий гишүүн дээр гаргасан үйлдлийг олон нийт эгдүүцэн харж байна. УИХ дахь АН бүлэг энэ асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдлээ гаргана. АН зарчмын хувьд парламентын ардчиллын, парламентын дархлааг сулруулахын эсрэг талд зогссоор ирсэн. Энэ байр суурин дээрээ зогссоор байх болно” гэв.
Мөн энэ үеэр АН 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, саналын эрхтэй гишүүдийг шинэчлэн бүртгэж, одоо цахим бүртгэл үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд АН-ын гишүүнээр 167,600 гаруй иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 65000 гаруй нь АН-д шинэ гишүүнээр бүртгүүлсэн” хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл танилцуулсан юм.
Э.Бат-Үүл “Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласантай холбоотой шийдвэр гаргалаа. Дунд шатны шүүхээс шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтой халдсан шийдвэр гаргасан. Энэ бол АН-ын нэр дэвшигч рүү халдаж буй хоёр дахь том халдлага. УИХ-ын 2020 сонгууль өрнөж байхад нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд нарыг барьж хорьсон. Тэр үйл явдал шүүхийн том хуйвалдаан болох нь илэрсэн. АН тэр асуудлын араас яваагүйн гай гарч өнөөдөр Н.Алтанхуяг дээр энэ үйл явдал давтагдаж байна. АН энэ үйл явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй. АН нэр дэвшигчдээ дэвшүүлж чадахгүй байдалд орно. Шүүхийн шийдвэрээр дуртайгаа барьж аваад хорьдог болно.
МАН олон их наядын авлигын хэргээ дарахын тулд дарангуйлал тогтооход бэлэн байгаа. Энэ мэдээлэл МАН-ын бүлэглэлүүдийн хооронд өрнөсөн тэмцлээр гарч ирсэн. Нээлттэй парламентын ач холбогдол нь энэ. Парламентад байгаа бүлэглэлүүдийн тэмцлийн дүнд ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүрч байдаг. Дэлхийн ерөнхийлөгч засаглалтай улсуудад авлигын асуудлаа ингэж нээлттэй ярьдаггүй. Тийм учраас МАН одоо парламентын засаглалыг хаах гэж байна. Парламентын гишүүн авлигын хэргийг ил гаргасан тохиолдолд ёс зүйн асуудлаар эгүүлэн татдаг болох гэж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг бол сонгогчдын бүрэн эрх юм. Хувь эрх тэнд байхгүй. Зөвхөн сонгогчдын эрх гэж бий. Гэтэл ёс зүй гэдгийг юу ч гэж уншиж болно.
Ерөнхийлөгчийн хажууд унгасан тохиолдолд ёс зүйн асуудал болох ч аюултай зүйл. Одоо сонгогчдын бүрэн эрхийг хурааж аваад, Цэцэд өгөх асуудал яригдаж байна. Бид анхнаасаа Үндсэн хуулийг батлахдаа үүнийг хориглож хийж өгсөн. УИХ-ын гишүүд сонгогчдынхоо эрх ашгийг хангахын төлөө дарамтад орж болохгүй. Ялангуяа УИХ бусад институцийн дарамтад орж болохгүй. Би УИХ-ын эрхэнд халдах энэ хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан гэж бодохгүй байгаа. Шууд Г.Занданшатарыг хатгаж хийлгэсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл, Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо парламент руу дайрч орох гэж байна. Парламентыг муучилж сонгуульд орох гэж байна. Одоо МАН-д парламент руу дайрахаас өөр хэлэх юм юу ч байхгүй. Идэж уусан хулгайгаас өөр юу ч байхгүй”.
