Ж.Бадраа агсны 100 жилийн ойд зориулж “Евгений Онегин” дуурийг тоголно

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч, хөгжим судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраа агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний орчуулсан дууриудын нэг П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг Ж.Бадраа агсны төрсөн өдрөөр буюу 2026 оны 3 дугаар сарын 21, 22-нд тоглоно.
Ж.Бадраа нь 1926 оны 03 дугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд төрсөн ба ХХ зууны манлай дуугаар өргөмжлөгдсөн “Халуун элгэн нутаг” дуунаас гадна “Сүлд модны наадам”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Чандмань эрдэнэ”, “Аргалд явсан ээж”, “Багш та”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг нийтэд түгсэн олон арван дууны зохиогч төдийгүй Монголын соёл, урлагийн салбарын судалгаа, эрдэм шинжилгээний 60 гаруй шүүмж, өгүүлэл бичсэн эрдэмтэн хүн юм. “Хөгжмийн нэр томьёо” (1956) болон “Монгол ардын хөгжим” (1998) нэг сэдэвт бүтээл нь өнөөгийн судлаачдад онолын суурь, гарын авлага болж байна.
Мөн тэрбээр яруу найргийн ухаанд нэвтэрсэн дуун хөрвүүлэгч байсан бөгөөд Орос, Итали, Хинди хэлнээс орчуулсан бүтээлүүд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” дуурь, Р.Таагүүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” жүжиг болон уран сайхны кино, дууны шүлэг хэдэн арвыг орчуулжээ.
УДБЭТеатрын хувьд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор “Улсын Дуурь, Бүжгийн Театр”-ыг байгуулахаар шийдвэрлэж, 5-р сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй.

Эх сурвалж: УДБЭТ

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn