Б.Батбаатар, ИЗНН-ын Онц их хурлынхныг О.Баасанхүү МАХН-ыг булааж авахыг хүсээд чадаагүйтэй адилтгав

Хаврын улстөржилтийн шуугиан УИХ дахь жижиг нам болох ИЗНН-аас эхэллээ. Энэ долоо хоног эхэлмэгц ИЗНН хоёр газар хуралдлаа. УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй хэсэг нь Улаанбаатар театрын байранд намынхаа 26 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг хийсэн. Харин тус намын тэргүүн дэд дарга гэгдэх С.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболдын нарын тэргүүлсэн хэсэг нь “Новотел” зочид буудалд намын онц Их хурал гээчийг хуралдуулсан.

Б.Батбаатар арга хэмжээнийхээ үеэр ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Харин нөгөө тал нь Б.Батбаатарыг намын даргаас огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаараа сонгосон.

Өчигдөр ИЗНН-ын дарга Б.Батбаатар бусад нөхдийн хамт хэвлэлийн хурал хийсэн.

Тэр “2000 оны гуравдугаар сарын 9-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Иргэний зориг намыг байгуулснаа зарлаж УИХ-д сонгуульд оролцон парламентад суудалтай болсон. Энэ хугацаанд Иргэний зориг намд нэг бус нэлээд хэдэн нам нэгдэж хамтарч явсан. 2011 онд Ногоон нам нэгдсэнээр Иргэний Зориг Ногоон Нам гэдэг нэршилтэй болсон.

Миний бие 2016 онд ИЗНН-д элсэж байсан, арав дахь жилдээ энэ намын гишүүнээр ажиллаж, 2023 оны есдүгээр сарын 9-ний өдрийн их хурлаар намын даргаар сонгогдсон.

Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын иргэд өчигдөр намын онц их хурал гэдэг зүйлийг хийсэн. Тэрхүү явуулж буй хууль бус үйл ажиллагаанд манай намын дүүргийн дарга нар очиж, энэ ажлаа зогсоох шаардлага тавьсан.

Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дарга улс төрийн зөвлөлийн хурлыг зарладаг. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг, Үндэсний хороо хуралдаад 30-аас дээш хоногийн хугацаанд намын их хурлыг зарладаг зохицуулалттай.

Хэрэв онц их хурал нэрийн дор намын эрх мэдлийг өөр зорилгоор авах гэж оролддог бол Монголд бүртгэлтэй буй 37 намын онц их хурал хуралдаж, удирдлагаа солих боломжтой болно. Тэгэхээр энэ зүйл боломжгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны их танхимд иргэдийг цуглуулж, МАХН-ын их хурлыг хийж байсан. Тухайн асуудлаа тодорхой хугацааны дараа Дээд шүүхэд хүргэхэд хуулийн дагуу шийдвэрлээд дуусгавар болж байлаа. Энэ зүйл боломжгүй гэдгийг өнгөрсөн түүх харуулж байна.

Онц их хурлаар намын даргыг хөөлөө гэдэг зүйл ярьж буй этгээдүүдэд хандаж хэлэхэд аль ч улс төрийн нам гэдэг чинь төрийн бус байгууллагаас арай өөр. Намуудын дүрэмд гишүүнийг өөрийн хүсэлтээр биш бол хасах асуудлыг Хяналтын хороо, Ёс зүйн хороо шийдвэрлэдэг.

Тиймээс хэн нэгэн этгээд намайг болон намын дэд даргыг ИЗНН-ын гишүүнчлэлээс дураараа хасах эрх байхгүй.

Тэд нар Дээд шүүхийн 2026 оны нэгдүгээр сарын 23-ны тогтоолоор нам ажиллах боломжгүй болсон гэдэг зүйлийг яриад байгаа. Дээд шүүхийн нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж гаргасан 10 дугаар тогтоол хоёрдугаар сард албан ёсоор албажиж гарсан. Гуравдугаар сарын 2-нд Дээд шүүхээс манай гардаж авсан. Үүнээс хойш 60 хоногийн дотор улс төрийн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан гурван өөрчлөлтийг тодруулж, зохих шатны хурлын шийдвэрээ гаргаж Дээд шүүхэд бүртгүүлснээр намын дүрэм бүртгэгдэнэ” хэмээсэн.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn