УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс мэдээлснээр, “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор…” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзжээ. Иймээс УИХ-ын гишүүн Э.Болормааг гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
