Ойрхи Дорнодод дайн тулааны гал дүрэлзэж байна. Батлан хамгаалах яам буюу Пентагоноо Дайны яам хэмээн өөрчилснөөсөө хойш АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүчтэй хүчтэй мэдэгдэл хийж ирсэн. Тэгэхдээ Венесуэл улсын дарангуйлагч Ерөнхийлөгч Мадурог улсаас нь хулгайлан АНУ-даа аваачин шүүж байгаа.
Энэ удаа Израйльтай хамтран Ираныг “чөлөөлөх”-өөр цохилт хийж байгаа нь энэ. Цохилт буюу дайн эхлээд гуравдахь өдрөө үргэлжилж байна. АНУ, Израйлийн хамтарсан эхний цохилтоор Ираны дээд удирдагч Аль Хаменей болон цэргийн дээд удирдлагууд нь амь үрэгдсэн нь батлагдаад байгаа.
Тэгвэл Иран улс хариу цохилт болгон Ойрхи дорнод дахь барууны орнуудын баазтай бүх улсууд руу пуужин харваж, дрон нисгэсээр. Энэхүү бүс нутагт үүсээд буй дайн олон долоо хоног үргэлжлэх магадлалтай болоод байгааг Трампын мэдэгдлүүд ч, бодит байдлууд ч харуулснаар байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын 2 өдөрт үргэлжилсэн харилцан цохилтууд өнөөдрийн ажлын өдрөөс дэлхий нийтэд нөлөөлж эхэллээ. Өнөөдөр биржийн арилжаа эхлэхэд газрын тосны үнэ өсөж, хөрөнгийн зах зээл уналаа.
Брент маркийн газрын тос хэсэг хугацаанд баррель нь 80 ам.доллар давсан бол одоогийн байдлаар баасан гарагийн хаалтын ханшаас 7.5 хувиар өсч 78 орчим ам.доллароор арилжиж байна. Харин АНУ-ын газрын тос 7.3 орчим хувиар өсөж баррель нь 72 ам.доллар орчим арилжиж байгаа ажээ.
Алтны үнэ 1.9 хувиар өсөж унц нь 5,333 ам.доллар хүржээ. Мөн мөнгөний ханш 1.61 хувиар нэмэгдэж унц нь 93.64 ам.доллароор арилжиж байгаа юм. Дайны улмаас дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүд унажээ. Азийн арилжаа эхлэхэд Японы Nikkei 225 2.3 хувиар унажээ. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс 1 хувиар буурлаа.
Европын EUROSTOXX 50 индексийн фьючерс 1.9 хувь, Германы DAX индексийн фьючерс 1.8 хувь, АНУ-ын S&P 500 болон Nasdaq индексийн фьючерс тус тус 1.1 хувиар буурчээ.
Одоо дэлхий дахин Ормузын хоолойд анхаарлаа хандуулж байна. Тэрхүү хоолойгоор дэлхийн газрын тосны 29 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 23 хувь дамжин өнгөрдөг. Иран улс газрын тосны танкеруудыг өнгөрүүлэхэд зүгээр харин АНУ болон барууны цэргийн хөлөг онгоцуудыг өнгөрүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа. Гэсэн ч тээвэрлэгч онгоцнууд хоолойг гатлахаас эргэлзсэн байдалтай хоёр талд бөөгнөрч байна. Трампын хувьд Ормузын хоолой хаагдахаас санаа зовохгүй байгаагаа илэрхийлж байна.
Бямба, ням гарагт Иран 14 улсын эсрэг цэргийн ажиллаа явуулжээ. АНУ-ын Ойрхи дорнод дахь баазууд, АНЭУ, Саудын Араб, Катар, Кувейт, Иордан, Ирак, Бахрейн, Израил, Оман, Сири, Кипр, Франц (АНЭУ дахь бааз), Итали (Кувейт дахь Али Аль-Салем бааз), Их Британи (Кипр дэх Акротири бааз) багтаж байна.
