2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон 126 гишүүний 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон. Энэхүү намын жагсаалтаар сонгогдсон 48 суудлаас МАН 18, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан билээ.
Тэгвэл сүүлийн үед намуудаас жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд хэл ам тарих, олон нийтийг доромжлох зэргээр буруу бүхний эхэнд нэр дурдагдах болоод буй. Жишээлбэл, АН-аас сонгогдсон Мөнхтуяа, ИЗНН-аас сонгогдсон М.Нарантуяа буюу Нара нарыг юуны түрүүнд дурдах ёстой биз.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэрт нь хулгай орсонтой холбогдуулан цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын үг хэллэг ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж, намын жагсаалтаар нэр дэвшдэг байдлаа эргэн харах шаардлагатай талаар нийгмийн зарим хэсэг нь сошиалаар байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар санаачилсан тухайгаа ярьсан.
ИЗНН мөрийн хөтөлбөртээ энэхүү эргүүлэн татах хуулийг батлуулна гэж тусгасан аж. Б.Батбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж ярьжээ.
УИХ-ын гишүүн, сайд Б.Батбаатар:
“…ганцхан гишүүнд зориулагдсан хууль биш. Жагсаалтаар сонгогдсон 48 гишүүнд бүгдэд нь хамаарна. Надад ч хамааралтай. Цаашлаад нийт 126 гишүүний асуудал болж хувирна. УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн зүгээс “Гишүүдийг эргүүлэн татах тухай асуудлыг хуульчлаач ээ. Эргүүлэн татах боломжгүй учраас болохгүй байна” гэж ярьдаг. Миний мэдэж буйгаар сүүлийн таван сонгуулийн дараах нөхцөл байдал ийм байна.
Ард иргэд эргүүлэн татах хуулийг гаргуулахыг хүссэн. Би гэрийн даалгавраа л хийж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийг ямар хэм хэмжээнд ажиллах ёстойг тодорхой болгох хууль юм.
Улс төрийн нам бүр өөрийн мөрийн хөтөлбөртэй. Харин намууд дотроо 20, 30-аараа хуваагдаж, кнопдохоор улс төрийн нам биш болчихож байгаа юм. УИХ-ын гишүүд намынхаа мөрийн хөтөлбөр, сонгуульд амласан амлалтаа биелүүлэх шийдвэрийнхээ төлөө нэгэн жигд саналаа өгөх ёстой. УИХ-ын гишүүд тусдаа мөрийн хөтөлбөртэй байсныг “УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн хувиараа мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй” гэж өөрчилсөн.
Энэ талаасаа бид Засгийн Газар, УИХ, эрх баригч нам, сөрөг хүчний аль нь ч байсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажлаа хийдэг, дараагийн сонгуульдаа мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан, чадаагүйгээрээ дүнгээ тавиулдаг байх нь улс төрийн намын төлөвшилд ч туйлын чухал гэдэг үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.
Сонгууль болоход улс төрийн намууд нэр дэвшигч нартайгаа гэрээ байгуулдаг. Манай нам хуулийн хүрээнд “ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн гэрээ байгуулсан. Манай мөрийн хөтөлбөрт хориод хууль батлуулна гэсэн заалт байгаа.
Мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллах нь УИХ-ын гишүүдийн ч үүрэг. Улс төрийн намыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад болж байгаа, түүнчлэн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан УИХ-ын гишүүдээ эргүүлэн татах боломжийг бүрдүүлэх ёстой.
Сонгууль болоход мөрийн хөтөлбөр барьж ард түмэн дээрээ очоод, сайхан амьдруулна гэж амлачихаад тэр нь биелүүлдэггүй байж болохгүй. Нэг ёсондоо сонгогчдын намд өгсөн саналыг ажил хэрэг болгоё гэсэн агуулгатай юм.
МАН-ын дарга Н.Учрал “Гишүүд байр сууриа буруу илэрхийлэх нь намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна” гэж хэлсэн байсан. Хэрвээ намын нэр хүндэд муугаар нөлөөлөөд нам нь тэр хүнээ ёс зүйгүй байна гэж үзвэл эгүүлэн татах боломжтой шүү дээ” гэж ярьжээ.
Хууль зүйн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн, МАН-д энэ хаврын улстөр хүндхэн байх нь тодорхой. Тэрээр “халуухан хавар” болно гэсэн.
Тиймээс жагсаалтын гишүүдээ айлгаж үгэндээ оруулах хэрэгтэй. Энэхүү жагсаалтын гишүүдийг буулганд оруулах хууль өөрөө жагсаалтаар сонгогдсон Б.Батбаатарт гэхээсээ илүүтэй Засгийн газрыг удирдаж байгаа МАН-ын олонхид хэрэгтэй.
Учир нь өнгөрсөн жил тус намынхан даргын суудлаас болж хоёр тал болон “дайтах”-д жагсаалтаар УИХ-д орж ирэгсэдийн олонх нь хуучин өөрсдийг нь жагсаалтанд оруулсан дарга нараа дэмжиж байсан. Харин энэ удаа Н.Учрал, Г.Занданшатар нар жагсаалтынхныг үгэндээ ордог болгох хэрэгтэй.
Засгийн газрын хувьд огцорч мэдэх нөхцөл үүссэн. АН-ынхан ч УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихаа мэдэгдсэн.
Тиймээс огцрохгүйн тулд УИХ дахь гишүүдээ нэг багц болгож авахгүй бол хэцүүдэх нь тодорхой. Энэ удаа Засгийн газраа унагавал ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд ч эвгүйдэх нь тун ойлгомжтой юм. Тиймээс Б.Батбаатар болон ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт багтсан жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг амь оруулах аргыг нэг удаадаа сэтгэсэн бололтой.
