Өчигдөр Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, 5 салбарын яам өөрсдийн өгдөг зөвшөөрлөө танилцуулав.
Эдгээр яамд ямар зөвшөөрлүүд өгдөг, цаашид хэрхэн хялбарчлах талаар саналаа танилцуулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам:
Тус яамны газрын дарга Б.Бат-Өлзий 31 төрлийн зөвшөөрлийг цахимаар олгож байгааг танилцуулав. Гэхдээ хүсэлтийг цахимаар авдаг ч зөвшөөрлийг цаасаар гаргаж, тамга даран гардуулдаг “хагас цахим” байдлыг үе шаттай хална гэлээ. Ялангуяа байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:
Өнөөдөр барилгын салбарт 7005 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Яамны зүгээс license.mn системд бүрэн шилжсэнээр зөвшөөрөл олгох 21 хоногийг ердөө 1 хоног болгож богиносгожээ. Цаашид 16-аас дээш давхар барилга дээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанийн оролцоог нэмэх, барилгын материал үйлдвэрлэх зэрэг зарим зөвшөөрлийг яамнаас олгохоо болих зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Зам, тээврийн яам:
Тус салбарт нийт 3885 зөвшөөрөл байгаагаас 80% нь авто замын салбарт хамаардаг. Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа хэлэхдээ, 3 дугаар сарын 1-нээс эхлэн бүх үйлчилгээ цахимжих бөгөөд зөвшөөрөл олголтыг хялбаршуулаад зогсохгүй явцын хяналтыг илүү чангатгахаа мэдэгдлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам:
Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн үйлдвэр технологийн парк, тэсрэх бодис, газрын тосны чиглэлийн зөвшөөрлүүдийг танилцуулав. Зөвшөөрөл олголтыг 10 хоногт, сунгалтыг 5 хоногт багтаан шийдвэрлэдэг болжээ.
Эрчим хүчний яам:
Бодлогын газрын дарга Д.Батзориг эрчим хүчний салбарын 22 төрлийн тусгай зөвшөөрлийг 7 болгож цөөлөх санал хүргүүлсэн тухай дурдлаа. Түүнчлэн, төр заавал зөвшөөрөл олгохгүйгээр мэргэжлийн холбоод, ТББ-уудад энэ эрхээ шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж.
