Соёлын өвлөн уламжлагч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

Увс аймгийн Малчин сумын уугуул, “Баяд бий биелгээ” өвийг өвлөн уламжлагч Маасгайн Жалк таалал төгссөнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам эмгэнэл илэрхийлжээ.

Маасгайн Жалк 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын соёлын өвийн орон зайд нөхөж баршгүй гарз тохиолоо гэж салбарын яамнаас эмгэнэлдээ дурджээ.

Эмгэнэлд “М.Жалк нь 1933 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн. Бага наснаасаа Баяд бий биелгээг авга ах Дүүдэй, төрсөн эгч М.Улчинноров нараас сурч, 60 жилийн туршид тасралтгүй өвлөн уламжилж, Баяд бий биелгээг уламжлалт хэв намбаар нь хүүхэд, залуучуудад өвлүүлэн уламжлуулахад өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулсан ардын авьяастан байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1991 онд Улсын тэргүүний Уран сайханч, Ардын урлагийн их наадмын алтан медаль, 2005 онд Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан цол тэмдэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 2020 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

М.Жалк нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг байсан юм. Таны хүнлэг энэрэнгүй зан чанар, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn