Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ажлын уулзалт хийж, Хүүхэд хамгааллыг эрчимжүүлэх, гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхдийн хөгжил оролцоооны чадавхийг сайжруулах ажлын хүрээнд дараах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцлоо. Үүнд:
Нэг. Хүүхдийн суралцах таатай орчин бүрдүүлэх талаар
Миний бие Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллахдаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг санаачлан, хөрөнгө оруулалтыг зохих түвшинд шийдвэрлүүлэн ажлыг эхлүүлсэн. Энэ нь хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй ажил болсон ч тухайн ажлын гүйцэтгэл, үр дүн өнөөдийн байдлаар нэн хангалтгүй байна.
Иймд Боловсролын сайдаас энэхүү ажлын гүйцэтгэл, үр дүн 2025 оны байдлаар ямар түвшинд байгаа талаар бодитой мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Түүнчлэн Монголын Хүүхдийн зөвлөлөөс 2025 оны 10 сард 21 аймгийн 529 ерөнхий боловсролын сургуульд судалгаа хийхэд 236 сургууль нь гадаа ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа тухай яриандаа дурдаж боловсролын салбарын ажилтан албан хаагчдын тухайд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтэд уг ажилд анхаарал хандуулж, хүүхдийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэлтэй ажиллахад зохих шаардлага тавьж ажиллахыг хүслээ.
Хоёр. Боловсролын ерөнхий хууль хэрэгжүүлэх талаар
УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулийн зорилгыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн томьёолсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээнд ямар шинэчлэл хийгдэж байгаа талаар тодруулга хүссэн.
Гурав. Боловсролын жилийн талаар
2026 оныг Боловсролын жил болгосонтой уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дөрөв. Бусад ажлын талаар
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрөө удирдах байгууллагын дуу хоолойг оруулж, төрийн бодлогодоо тусгах арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ, шаардлагын хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн салбар Сурагчийн зөвлөлийг ерөнхий боловсролын сургууль бүрд байгуулж, хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлтээс хамгаалах ажлыг шуурхайлах;
Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт анхаарч, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хамртан ажиллах;
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад сургуулийн нийгмийн ажилтны оролцоо хангалтгүй байгаад анхаарч, цаашид хороо бүрд байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай нягт хамтран ажиллуулах санаачилга, ажлын уялдааг сайжруулах;
Улсын хэмжээнд байгаа 200 гаруй дотуур байранд хяналтын камергүй байгааг анхааралдаа онцгойлон авах;
Мөн сургуулийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжиж, спорт заал, урлагийн чиглэлээр хөгжих боломжоор хангах, энэ талаар зарим эрх зүйн орчныг шинэчлэх;
Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, хяналтыг сайжруулахад эрх зүйн зохицуулалт хийх.
Нэмэлт ажлууд:
Дээрх асуудлуудыг Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж, хүүхдийн хүчирхийллийг илрүүлж, бууруулах, урьдчилан сэргийлэхэд анги удирдсан багш нарын оролцоог нэмэгдүүлэх, багш, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд арга зүйн зөвлөгөө өгөхөд нэгдэж ажиллах;
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 онд хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хэрэгжилтийн түвшин ямар байгаа вэ зэрэг асуудлыг хэлэлцэж, уг арга хэмжээнүүдэд хариу авахыг хүссэн зэрэг болно.
