Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/3327 дугаартай Хүүхэд, өсвөр үеийнхний хүний эрх, хууль эрх зүйн талаарх ойлголт мэдлэгийг сайжруулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн дагуу нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн академи, дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, харьяалах дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтарсан уулзалтыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов хүүхэд хохирогч болсон гэмт хэрэг, зөрчилд иргэд дөжирч гомдол гаргахгүй, нуун дарагдуулах байдал газар авч байгааг онцлоод энэ талаар ажиллаж, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг ахлах ангийн сурагчдад ойлгуулахад шүүх бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгааг онцолсон.
Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдтэй хамтран зохион байгуулахаар болж, тэргүүн ээлжинд ЕБС-иудын нийгмийн ажилтан, захирал, удирдлагууд улмаар ахлах ангийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах замаар түгээж ажиллахаар тогтсон бөгөөд “Хүүхэд өртсөн гэмт хэрэгт бид дөжрөх ёсгүй” гэж талууд уриалаад энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулахаар тохирлоо.
Хамтарсан уулзалтад Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Э.Дөлгөөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нарын төлөөлөл оролцож санал солилцов.
