Б.Жавхлан:Гурван шалтгааны улмаас төсвийн орлого 2.3 их наядаар тасраад байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт буюу салбарын сайдуудад  2025 оны жилийн эцэс хүртэлх орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ. Учир нь дараах гурван шалтгааны улмаас төсвийн орлого 11-р  сарын 30-ны  байдлар 2.3 их наядаар  тасрах нөхцөл байдал үүсчээ. Нэгдүгээрт, 2025 оны төсөвт тооцож баталсан дүнгээс  нүүрсний үнэ 50 хувиар буурчээ. Хоёрдугаарт, импортын хэмжээ буурснаас гаалийн татварын орлого тасалдсан байна. Гуравдугаарт, АН-ын бүлгээс Татаврын өршөөлийн хууль  санаачилна гэж мэдэгдсэнэээс болоод татварын орлого тасалдаж, Сангийн сайдын хэлснээр “Маш том хор уршиг  тарьж”  эхэлжээ. Ингэж төсвийн орлого тасалдсаны улмаас зардлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлэх буюу  цалин, НДШ, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд зэрэг зардлыг эн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна. Мөн ковидын үеэр батлагдсан  Хэмнэлтийн хуулийг нарийн чанд сахиж ажиллахыг үүрэг болгожээ. Уг хуулиар шинэ жил болон бусад баяр ёслолын  арга хэмжээг төсвийн мөнгөөр  санхүүжүүлэхгүй, бэлэг сэлтэд зарахгүй байх хуультай. Гадуур тархсан яриа шиг цалин, тэтгэвэр, тэтгэмж   саатсан зүйл байхгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар төрийн  сангийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг байгаа бөгөөд хамгийн гол нь татварын орлого буурсан тул анхаарч арга хэмжээ авч байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn