Цалин, тэтгэврийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Сүүлийн үед улсын төсвийн орлого тасалдаж байгаа тухай мэдээлэл цухалзах болсон.

Үүнийг баталж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа уржигдархан төсөв тасарсан тухай мэдэгдсэн.

Тэрээр  улс орны төсөв,  санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээх “хүндхэн” мэдээг дуулгасан.

Нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлогыг баталсны улмаас төсөвт тасалдал үүссэн хэмээн тэрээр ярив.

Түүнчлэн төсвийн орлогын  7-8 хувийг татварын орлого бүрдүүлдэг бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд татвар, НДШ-ээ төлж чадахгүй байгаагаас татварын орлого тааруу байгаа ажээ.

Тэгвэл өнөө орой Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.

Ерөнхий сайд дараах үүрэг, чиглэлийг өгчээ. Үүнд:

• Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах;

• Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах;

• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах;

• Иргэд, ААН-үүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

• Түүхий эдийн үнэ буурсан энэ цаг үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох талаар танилцуулах үүрэг чиглэлийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn