“Тэтгэврийн зээлтэй ахмадууд орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт өгч, үлдсэн 17 хувиар нь амьдардаг”

УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн баасан гарагт Монголбанк болон арилжааны банкныхантай тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар уулзсан.

Тэрээр судалгаа хийж үзэхэд иргэд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөртөө өгч, үлдсэн 17 хувиар бусад зардлаа санхүүжүүлж байна. Ахмадуудын зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгох буюу 36 сарын хугацаатай болгох талаар саналаа хэлж байгаа.

Үүний учир нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн найман сая төгрөгийн зээлийг жилийн 17.8 хувийн хүүтэй авлаа гэж бодье.  Уг зээлийг хоёр жилээр зээл авахад сард 399 мянган төгрөг төлөх бол 36 сар буюу гурван жилээр авахад сар бүр 288 мянган төгрөг төлөх тооцоо гарчээ. Эндээс гарах зөрүү 100 мянган төгрөг нь эм тариа, бусад амьжиргааны зардалдаа нэмэртэй гэж үзэж буй аж.

Өөрөөр хэлбэл, ахмадуудад ирэх зээлийн ачааллыг бууруулахаар ийм асуудлыг ярьж буй гэдгээ Н.Учрал тайлбарлажээ.

Нийт тэтгэвэр авагчдын 56.4 хувь  буюу 294.4 мянган иргэн зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн үлдэгдэл нь  8.1 сая төгрөг байна.

Мөн  ахмадуудын авсан зээлийн 60.6 хувь нь  өөрийн бус, гуравдагч этгээдийн хэрэглээнд зориулагддаг гэсэн судалгаа  гарчээ.

Тиймээс зээл авсан ахмадууд  зээлээ төлөөд гар дээр үлддэг мөнгөтэй байхын тулд зээлийн хугацааг сунгах асуудлыг тавьж байгаа аж.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn