Н.Учрал: Нүүрсний үнийг 70 ам.доллараар бодоход 3,3 их наядыг хэмнэх шаардлага үүсэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр төсвийн хэмнэлтийн асуудлаар ийн мэдээлсэн.

Н.Учрал “Тавдугаар сарын 31-нээр тендер нь зарлагдаагүй, эхлээгүй  байсан 500 гаруй төсөл хөтөлбөрийг зогсоож байна. Эндээс тодорхой хэмнэлт бий болно. Сул орон тоог цомхотгох ажлыг хийж байна. Төрийн албан хаагч нар цалингаа авч байтал Үндэсний хороо, Үндэсний зөвлөл байгуулаад төрийн албан хаагч нараасаа өндөр цалинг тогтоосон байгааг нь шударга бус. Нийт 59 хороо, үндэсний зөвлөлөөс 28 нь цалин хөлс, ажлын албатай. Зарим нь урсгал зардлаар ажил гүйцэтгэх гэрээ хийгээд явдаг. Засгийн газрын төвшинд цалин хөлс аваад ажиллаж байгаа 28 хороог татан буулгахаар төсвийн тодотголоор оруулж ирнэ.

Түүний эхлэл болгоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулинд яамгүй Үндэсний хороотой гурван сайдын ажлын албыг татан буулгаад зардлыг нь татаад, чиг үүргээр нь холбогдох сайд нарт нь шилжүүлнэ.

Жишээлбэл, 20 минутын хотыг Барилга хот байгуулалтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороог Сангийн сайд хариуцаад явна. Ийм байдлаар төсвийн хэмнэлт хийхийг бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиар шийдвэрлэж байна гэж ойлгож болно.

Ерөнхий сайдын зүгээс яамдын газар,  хэлтсийн орон тоог 7-оос илүү байлгахгүй байх чиглэлийг өглөө. Жишээ нь, яаманд 100-гаас илүү төрийн албан хаагч ажиллаж байгаа бол 7 газартай, 100-гаас бага орон тоотой ажилладаг бол 5 газартай байх чиглэлийг өгсөн тул яамдынхаа бүтцийг өөрчилнө. Эдийн засаг хөгжлийн яаманд 28 дарга байсан. Бүтцийн шинэчлэл хийж байна. 28 даргыг 10 даргаар цөөлнө.

Дэргэдээ хуультай,  үндэсний хөгжлийн хүрээлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийн төвтэй,  9 хувийн хэмнэлт хийнэ. Таван газартай байсныг гурав болгон даргыг нь бууруулж байна. Судалгааны алба гээд хувийн хэвшил хийх бололцоотой ажлууд бий, түүнийг нь мэрэгжлийн холбоо руу шилжүүлээд газрыг нь буулгаж байна.

Сангийн сайд төсвийг 2.3 их наядаар бууруулна гэдгээ танилцуулсан. Нүүрсний үнийг их өөдрөгөөр төсөөлсөн  байсан. Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр нүүрсний үнэ дундаж нь 70 ам.доллар байна.

Экспортлох нүүрсний биет хэмжээг 85 сая тонн байна гэж зорьж байна. Боомтуудаа дэмжих, гарцуудаа сайжруулах, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг эрчимжүүлж байж, 85 сая тонн нүүрсний экспортын тоон хэмжээг нэмэгдүүлнэ. Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байна. 70 ам.доллараар бодоход 3,3 их наядыг хэмнэх шаардлага үүсэж байна. Эдийн засгийн сорилтыг ард түмний нуруунд үүрүүлэхгүйн тулд ард иргэдэд хүрдэг үйлчилгээнүүд рүү гар дүрэхгүйгээр,  чиг үүргийн шинжилгээгээ оновчлох, гадаад, дотоод томилолт, судалгааны зардал, хэвлэл мэдээллийн зардал, хурал форумын зардлыг танана.

-Эдийн засаг хөгжлийн яам дээр эргүүлэн татагдаж байгаа төсөв бий юу. Нийт дүнгээрээ хэчнээн хэмжээний мөнгө татагдаж байна вэ?

-Нэлээд хэдэн зураг төсвийн ажлууд байна, эдгээр татагдаж байна. Төсвийн тодотголыг өргөн бариагүй байна, эцэслээгүй мэдээлэл дуулгах зохимжгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өнөөдөр Ерөнхий сайд өргөн мэдүүлнэ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дотор Төсөв, Төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхийг хориглоно гэсэн заалт бий. Наймдугаар сарын 31-нээс өмнө Ерөнхий сайд бүтцээ багасгаад зарим сайд нараа буулгаад төсвийн шилжүүлэлт хийе гэхээр Ерөнхий сайдад үйлдэл хийх бололцоогүй болчихоод байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн мэдүүлсэн нөхцөлд энэ заалтыг дагаж мөрдөхгүй ч гэдэг юм уу өөрчлөлт хийх шаардагатай гэж Засгийн газрын хуралдаанаар ярьсан.  Үүний дараа  төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ. Хэмнэж болох танаж болох зардыг танана.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn