
Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр 16 хуртэлх насны хүүхэд цахим орчинд орохыг хязгаарлах хууль батлуулахаар судалгааг эхлүүлснээ мэдээллээ.
Судалгаа хийхийн зэрэгцээ нийгмийн хэмжээнд ярилцаж, хэлэлцэн зөвшилцөлд хүрэх шаардлагатайг ч тэрээр хэллээ.
Эцэст нь гол нь үр дүнд хүрэх ёстой гэв.
Боловсролын яамнаас 2020 онд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааг хийж байжээ. Тухайн үед хүүхдүүд цахим орчинд халдлагад өртөж байгаа эсэхийг эцэг, эхчүүдээс асуухад 91 хувь нь үгүй гэж хариулсан байна. Гэтэл хүүхдүүд өөрсдөө 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн гэж хариулжээ.
Дэлхийн зарим оронд жишээ нь, Австрали улс facebook, twitter, snapchat, tiktok зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох хуулийг 2024 онд баталжээ.
Францад 15-аас доош насныханд нийгмийн сүлжээнд нэвтрэхэд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг байна.
Мөн Норвеги улс 13 нас хүртэл нийгмийн сүлжээнд орохыг хориглодог байснаа 15 болгохоор ярилцаж байгаа аж. Германд 13-16 насны хүүхэд нийгмийн сүлжээнд ороход эцэг эхийн зөвшөөрөл заавал авдаг бол Америк, Их Британи, Канад улсад 13 хүртэлх настай хүүхдээс мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрөл авдаг. Багш, эцэг, эх хүүхдүүд цөм нийгмийн сүлжээнд ордог байдлыг өөрчлөх учиртай. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана гэв.