Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч” томилох тухай заалт оржээ.

Уг хуулиар стратегийн болон үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшинэ гэж заасан хэдий ч хувийн хэвшил төртэй хэлцэл хийхэд  34 хувиа өгөхгүй байх, сунжрах зэрэг эрсдэл үүсч байгаа аж.  Хэрэв ийм асуудал үүсвэл Засгийн газраас Бүрэн эрхэт төлөөлөгч буюу БЭТ томилох заалтыг  Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулсан байна.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг стратегийн ордын 34 хувийг төрд авах хэлцэл хийх Засгийн газрын   бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл,  алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв” гэжээ.

Ж.Батзандан 2005-2008 онд  анх иргэний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, улмаар 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон  “Долоон сарын 1”-ний хэрэг явдлын гол буруутан гэгддэг.

Улмаар дараа нь АН-д элсэж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, ялж,ялагдаж явсан ба    ШИНЭ намыг үүсгэн байгуулж явсан түүхтэй. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элсэн нэр дэвшсэн ч ялагдсан.

Хамгийн гол нь тэрээр Хөгжлийн банкны хэргээр шалгагдан, туслах Г.Аюулгүйн хамт 2022 оны сүүлээр баривчлагдан хоригдож байв. Түүнийг  өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьж шалгаж байв.  Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа  нөлөөлж, зээл авахуулсан хэмээн “Капитал” банкны захирал А.Ариунболд тухайн үедээ хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Харин 2023 онд болсон Хөгжлийн банкны сонсголын үеэр  Ж.Батзандан “Азийн бамбар” ХХК нь барилгын эсгийн дулаалга төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан 5.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахад Ж.Батзандан нөлөөлсөн хэмээн яригдаж байв.

Гэвч түүний хэрэг “цайрч”, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын  хамгийн чухал албан тушаалд томилогдов.

Үүнд, Ж.Батзандан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт “Шударга 5” гэгдэн тэмцэж явсны нөлөө орсон болов уу. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө ч орсон байх.

Гэхдээ хэрэгт холбогдсон хүмүүсээ ингээд албан тушаалд томилоод байхаар Засгийн газарт хэн итгэх вэ?

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn