Сонсголыг иргэдээ бухимдуулах гэж л зохион байгуулдаг бололтой

-Нүүрс,Хөгжлийн банк, ногоон автобусны хэргээр сонсгол хийгээд хэнд ч хариуцлага тооцсонгүй-

Утааны  асуудлаар Ерөнхий сонсгол  болж өнгөрөв. Уг сонсголыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Сонгол үр дүнтэй болж өнгөрлөө” гэжээ. Үр дүн нь яг хаана  байсныг хэлэхэд бэрх.

Эрх мэдлийн төлөө “талцан байлдаж” байгаа хүмүүс бие биеэ намнах,  хэн хэн идэж уусан, яагаад утаа арилаагүй гэхийг сонсож пүү, паа арай ч дээ хэмээн сошиалаар л  хоёр өдөр шаагилдав. Тэгээд хавар дулаарч утааны улирал дуусаад л уг асуудал мартагдана. Тэгээд намар орой хүйтрэхээр дахиад л ярьж, бичиж, зургаар жиргэж, постолж эхэлнэ дээ. Инээд хүрэм үйл явдлууд ээлж дараалсаар. Яагаад ийм болов гэдгийг хэн ч анзаарахгүй л дээ. Уг нь энэхүү хэлэлцүүлэг, сонсголуудын мөрөөр буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэж, түүнийг мэдээлж байж л цааш явмаар, дараагийн хэлэлцүүлэг, сонсголыг хийх асуудлуудыг барьж авч байж үр дүн нь харагдана.

Гэвч манай УИХ-аас зохион байгуулж байгаа сонсгол, хэлэлцүүлгүүд хэрүүл, уруултай ч үргэлжлэн болсоор л байна. Харин хариуцлагын тухай асуудалд л хэн ч хайхарч үзэлгүй орихгдуулсаар ирлээ.

Энэ хооронд эрх баригчдын хувьд ард түмэн буюу сонгогч та биднийг байнга ууртай, нэг уурыг нь гаргалгүй дараагийн ууртай сэдвийг нь гаргаж шидсээр, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас нийгмийн анхаарлыг өөр тийш хандуулах мэхээ хийсээр ирлээ.

Ямар ч хариуцлага яригдахгүй асуудлаар нийгмийг байнга ууртай байлгаж, нэг асуудлаа үсрээд сарын дараа өөр асуудлаар сольж, нийгэмд мартуулна.

Та бүхэн нүүрсний хэлэлцүүлэг, 44 их наядын асуудал, Монгол улсын газар нутгийг хятадуудад зарсан асуудлууд эдгээрт хэн хэн хариуцлага хүлээж хэдэн жилийн ял авч, хэр их мөнгө эргэж улсад орж ирсэн тухай гэх мэт хэлэлцүүлгийн үр дүнг нэхдэггүй юмуу. Хөгжлийн банкны хэрэг гээч, түүгээр хийсэн сонсгол хэлэлцүүлэг түүний дагуу өрнөсөн хариуцлага тооцох асуудлууд юу болов. Энэ мэтээр цавчаа ногоон автобусны асуудал хэрхэв.

Эдгээрээс асуудлууд хэрхэн өрнөж, хэн хэн хариуцлага хүлээж ял авсныг санаж байна уу. Нүүрсний асуудлаар гэхэд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрт 2-3 жилийн ял өгч одоо хугацаа нь дуусаад наранд гарч байна. Гэтэл нүүрсний хэрэгт холбогдож хэлэлцүүлгийн үеэр асар их яригдсан гэм буруутнууд яав. Тэр байтугай АТГ-аас зарлагдсан нүүрсний хэрэгт буруутай гэгдсэн 17 хүнээс 4 нь УИХ-д сонгогдож тэр байтугай тэдний зарим нь эдүгээ УИХ-ыг Засгийн газартай цуг базчихаад “харцаараа хөдөлгөөд “сууж байна.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдож шүүхэд очигсдоос экс гишүүн Ё.Баатарбилэг л ялаа хүлээн хоригджээ. Гэтэл УИХ-д шинээр сонгогдон сууж байгаа ял авсан гишүүний асуудал яригдахгүй л байна. Бусад том зээлдэгчдийг асуудал юу болсон нь тун тодорхойгүй.

Ногоон автобусны хэрэг гээчид холбогдсон нөхдүүдийн шүүх хурал хоёр гурав жилийн нүүрээ үзсэн ч шүүхээр таслагдсан юм алга. Нийгмээрээ нэг үзэн ядсан ногоон автобус нь мэр сэр зорчигч тээвэрт явж байгаа тухай яригдсаар л.

Ийм байхад одоо утааны асуудлаар сонсгол, хэлэлцүүлэг хийлээ ч яалаа, байлаа ч яалаа. Тэгэхээр энэ асуудал бол ямар ч хэрэггүй, ашиггүй цаг үрж нийгмийн та бидний уур унтууг хөдөлгөж, сошиалд уур бухимдлаа бичиж, жиргэхэд хүргэхээс өөр ид шидгүй асуудлууд ажээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn