Дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах зорилттой Парисын хэлэлцээр 10 жилийн өмнө Францын нийслэл хотноо батлагдсан. Энэхүү хэлэлцээрт Иран, Йемен, Ливи улс нэгдээгүй байдаг бол АНУ ийнхүү хоёр дахь удаагаа тус хэлэлцээрээс гарч буйгаа зарлалаа.
Өнгөрөгч Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ээс гарах зарлигт гарын үсэг зурав.
Үүнээс өмнө 2017 онд Трамп мөн ийнхүү шийдвэрлэж байсан ч Жое Байден Ерөнхийлөгч болсон даруйдаа тус хэлэлцээрт эргэн нэгдсэн удаатай. Гэхдээ Парисын гэрээнээс албан ёсоор гарахын тулд дахин нэг жил хүлээх шаардлагатай.
Трампын хувьд Парисын хэлэлцээр нь АНУ-д эдийн засгийн дарамт үзүүлдэг ч эсрэгээрээ Хятад зэрэг бусад орнуудад нүүрс, газрын тос ашиглан асар их эрчим хүч үйлдвэрлэж, агаарыг үргэлжлүүлэн бохирдуулахыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, өөгшүүлдэг гэх байр суурийг илэрхийлж ирсэн.
Трампын мэдэгдэлтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч МАО НИН дараах байр суурийг илэрхийлжээ.
“Парисын хэлэлцээрээс гарна гэсэн АНУ-ын мэдэгдэлд Хятад улс санаа зовж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол бүх хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилт мөн. Ямар ч улс орон үүнээс ангид байж чадахгүй” гэжээ.
Улмаар АНУ эрчим хүчний үнийн өсөлттэй газрын тос, хийн олборлолтыг нэмэгдүүлэх замаар тэмцэж, Америкийн эрчим хүчнийг дэлхий даяар экспортлоно гэдгээ мэдэгдлээ.