УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан оноосон ялыг УДШ хэвээр үлдээсэн.
Гэвч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр УИХ удааширч байна гэх шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Нэгдүгээрт, УДШ-ийн шийдвэр албажиж УИХ-д ирээгүй байна. Шийдвэр 60 хоногийн дотор албажиж ирнэ.
УИХ-ын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн заалттай. Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг үндэслэж, УИХ тогтоол батална, саналыг илээр хураана гэж заасан байгаа. Нэг ойлгомжгүй зүйл нь Монгол Улсын хувьд эрх зүйт төртэй, шүүх засаглал нь шийдвэр гаргачихсан байхад УИХ үүнийг хэлэлцэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй.
Төрийн байгуулалтын байнгын хороо тухайн гишүүнийг эргүүлэн татах шаардлагагүй гэж дүгнэлт гаргавал яах вэ. УИХ хэлэлцээд тогтоол батлахдаа эргүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргавал яах вэ? Үүнээс улбаалаад шүүх засаглалын эрх зүйн чадамжид ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг асуудал гарна. Дээд шүүхээс УИХ-д ямар агуулгатай албан бичиг ирэх нь тодорхойгүй. Хэлэлц гэж ирэх юм уу, эргүүлэн тат гэж ирэх юм уу.
Хувь хүний хувьд УДШ-ийн шийдвэрийг УИХ хэлэлцэх эрхгүй, хэрэгжүүлэх үүрэгтэй гэж харж байгаа. Эргүүлэн татах процесс нь тодорхойгүй байна. Миний хувьд хэлэлцмээргүй байна, санал хураамааргүй байна” гэлээ.