2030 оны ДАШТ Европ, Африкийн 3 улсад болох бол 2034 оны ДАШТ Саудын Арабт болно

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2030 болон 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ болох орнуудыг албан ёсоор зарлалаа. 2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани, Португал, Марокко гэсэн гурван улсад болох бол 2034 оны дэлхийн аваргыг Саудын Араб зохион байгуулахаар болсныг ийн зарлав.

2030 оны дэлхийн аваргын гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвай гэсэн гурван улсад болно. Учир нь дэлхийн аваргын 100 жилийн ой тохиож байгаа тул тухайн улсуудад хүндэтгэл үзүүлж буй хэлбэр гэнэ. Бусдаараа үлдсэн бүх тоглолтууд Испани, Португал, Мароккод болох ажээ.

FIFA-д бүртгэлтэй 211 гишүүн улсын холбоод дээрх санал хураалтад оролцжээ.

Саудын Арабт болох дэлхийн аваргад олон улс санаа зовж байгаа аж. Шалтгаан нь өмнөх Катарын дэлхийн аваргатай холбоотой. 2022 оны дэлхийн аваргын бүтээн байгуулалтын ажилд оролцсон ажилчдын орчин нөхцөл тааруу, хүний эрхийг зөрчсөн олон асуудалтай байсан билээ. Энэ ч утгаараа Саудын Арабын дэлхийн аваргын зохион байгуулалтын ажилд FIFA болон хүний эрхийн байгууллагуудыг сайн анхаараасай гэж улс орнуудын хөлбөмбөгийн холбоод хүсч байна.

Саудын Араб 2034 оны дэлхийн аваргад зориулж, 15 цэнгэлдэх барих бөгөөд үүний дөрөв нь хэдийнэ ашиглалтад оржээ.

Мөн хэт халуун зунтай учраас өвөл 1 дүгээр сард ДАШТ-ийг зохион байгуулах тухай яригдаж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn